Дүрслэх урлагийн 2023 оны шилдэг бүтээлүүд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-10-25 20:07:25

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Шилдэг бүтээлийг шалгаруулж, улсын санд худалдан авах, уран бүтээлчдийг сурталчлах “Оны шилдэг бүтээл 2023” үзэсгэлэнгийн шагнал гардуулах ёслол боллоо. 


Монгол Улсын Засгийн газрын “Журам батлах тухай” 2006 оны 115 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу тус үзэсгэлэн энэ сарын 11-25-нд олны хүртээл болов. Уг шилдэг бүтээлийн үзэсгэлэнгээс Соёлын сайдын баталсан мэргэжлийн зөвлөлийн гишүүд гурван шилдэг бүтээлийг шалгаруулсан юм.  


Оны шилдэг бүтээлийн үзэсгэлэнд уран зураг, график, уран баримал, сийлбэр, инстоляци, холимог техникийн нийт 81 уран бүтээлчийн 99 бүтээл ирүүлснээс Мэргэжлийн зөвлөл нэгдүгээр шатны шалгаруулалтаар журамд заасан төрөл ангилалд хамаарахгүй, бүрэн хатаагүй, ур хийц муу, гоо зүй, уран сайхны болон үзэсгэлэнгийн шаардлага хангахгүй үзүүлэлтээр 36 бүтээлийг хасаж, 63 бүтээлийг шалгаруулж үзэсгэлэнд дэглэжээ. 


Дүрслэх урлагийн 2023 оны шилдэг гурван бүтээлийг танилцуулж байна.


Керамик барималч, уран бүтээлч Н.Сүхбүрэн “Инээмтгий хайр” 2023 он, Керамик, шаазан, шил, 92х35х30 см

Хайрыг хүчилж биш аргадаж хайрлаач. Хүмүүн бид хайрын гуйлгачин байхгүй байгаасай хэмээн уг бүтээлээ туурвижээ. Уг бүтээл нь Швейцарын Цюрк хотод 11 дүгээр сард гарах бие даасан үзэсгэлэнгийн хамгийн гол бүтээлийнх нь эх загвар юм.  


М.Мөнхзул “Манлайбаатар” 2022 он, модон сийлбэр 180х45х45 см

Уран сийлбэрч М.Мөнхзул уг бүтээлээрээ Монгол Улсын цэргийн жанжин, Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Дамдинсүрэн Манлайбаатарын хувь хүний мөн чанар, итгэл найдвар, төгс байдлыг хүсэж буй хурц ширүүн төрхийг сэтгэл зүй характерын хамт модон баримлын аргачлалаар харуулахыг зорьжээ. Энэхүү бүтээл “Тусгаар тогтнол-2022” үзэсгэлэнгээс тэргүүн байр эзэлжээ. 


Уран бүтээлч Т.Даваасамбуу “Тоонот” 2023 он, хүрэл цутгамал, 70х50х20 см

Энэхүү бүтээлд монгол гэрийн тооно дор багана мэт хоёр хүн нэгэн зүгт харан зогсож байгаа нь ирээдүй рүү хамтдаа тэмүүлж буй амьдралын нэгэн мөн чанарыг дүрслэхийг зорьжээ.


Ташрамд дурдахад, “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу 2006 оноос хойш 147 шилдэг бүтээлийг шалгаруулан улсын санд худалдан авч сан хөмрөгөө баяжуулаад байна.















Холбоотой мэдээ