Зам ашигласны төлбөр авах цэгүүдийн орлого нэмэгдсэн ч төлөлт хангалтгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-10-25 17:29:46

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Нэг жилийн өмнө Улаанбаатар хотыг тойрсон зам ашигласны төлбөр авах цэгүүд буюу бидний хэлж заншсанаар товчоодын төлбөрийг бэлнээр бус цахимаар нэхэмжилдэг болсон. Тэгвэл нэг жилийн хугацаанд бэлэн бус орлогын хэмжээ гурав дахин өссөн үр дүн гарчээ.


Тодруулбал, 2022 оны аравдугаар сарын байдлаар нийслэлийг тойрсон Эмээлт, Налайх, Хоолт, Өлзийт болон Хөшигийн хөндийн төлбөр авах цэгүүд 4.2 тэрбум төгрөгийн бэлэн орлого төвлөрүүлж байсан бол цахим шилжилтийн үр дүнд 12.1 тэрбумын нэхэмжлэх үүсээд байна. Гэвч бэлэн бус орлогын эргэн төлөлт хангалтгүй байна. Тухайлбал 12.1 тэрбум төгрөгийн нэхэмжлэлийн 19.5 хувь буюу 2.3 тэрбум төгрөг төлөгдсөн аж.


Тиймээс бэлэн бус орлогын төлөлтийг нэмэгдүүлэхийн тулд Зам, тээврийн хөгжлийн яамнаас зарим албан журмыг баталжээ. Тухайлбал, автомашины оношилгоонд ороход болон бусдад худалдахад, нэр шилжүүлэхэд зам ашигласны төлбөрийг төлсөн байх шаардлагыг тавьж байна. Энэ нь тээврийн хэрэгслийн хариуцлагын нэгдсэн тогтолцоонд бүрдүүлэх зорилготой гэнэ.


Төлбөрийг Ezam.mn сайтаар нэвтрэн автомашины улсын дугаараар хайлт хийн төлөх боломжтой. Мөн ЕBarimt аппликэйшний хялбар бүртгэл хэсэгт автомашинаа бүртгүүлснээр зам ашигласны төлбөрийг улирал тутмын НӨАТ-ын буцаан олголтоос суутгуулах боломжтой.

Цаашид орон даяар үйл ажиллагаа явуулж буй нийт 34 ТАЦ-ийг үе шаттайгаар цахимжуулах ажил үргэлжилж байна.

Холбоотой мэдээ