ОХУ-ын мэргэжил сургалтын 12 байгууллагатай хамтран ажиллах боломжтойг илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-10-24 13:46:03

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр ОХУ-ын Гэгээрлийн яамны орлогч сайд Д.Е.Грибовыг хүлээн авч уулзлаа. 


Уулзалтаар дэд сайд Г.Ганбаяр Монгол, Оросын Засгийн газрын Худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн комиссын 25 дугаар хуралдаанд оролцохоор хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэв. Мөн Улаанбаатар хотын 162 дугаар сургуулийн үйл ажиллагааны талаар товч танилцуулж “Хамтарсан сургууль байгуулах тухай” тогтоол батлагдсан тухай мэдэгдсэн юм.


“Хилийн чанад дахь орос багш” төслийн хүрээнд 2023-2024 оны хичээлийн жилд 162 дугаар сургуульд 5, бусад сургуульд мэргэжлийн орос хэлний 8 багшийг урьж ажиллуулж байгаа, цаашид хамтарсан сургуулиудын үйл ажиллагааг дэмжих, багш нарт мэргэжил, арга зүйн сургалт явуулах хэрэгцээ шаардлагатай талаар тэмдэглэн хэллээ.


ОХУ-ын Гэгээрлийн яамны орлогч сайд Д.Е.Грибов мэргэжлийн боловсролын чиглэлд хамтран ажиллах санамж бичиг байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Тухайлбал, ОХУ-ын мэргэжил сургалтын 12 байгууллагатай хамтрах, хүүхдийн зуны зуслан, солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, хоёр улсын хичээлээс гадуур үйл ажиллагаа явуулдаг төвүүдийг холбох, робот техник, технологийн сургалтууд явуулах зэргээр хамтран ажиллахад боломжтой гэлээ.


Талууд В.Г.Короленкогийн нэрэмжит Глазовын Багшийн их сургуультай хамтран:

-Орос хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтыг үе шаттай зохион байгуулах, үргэлжлүүлэх;

-Ялгаатай хэрэгцээтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах талаар арга зүйн сургалтуудыг зохион байгуулах;

-Сургуулийн өмнөх, бага боловсролын болон байгалийн ухааны багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг явуулах;

-Хамтарсан сурах бичиг зохиох, боловсруулах баг байгуулах, энэ чиглэлд хамтран ажиллах;

 Ерөнхий боловсролын сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх;

-Мэргэжил дээшлүүлэх институтуудыг холбох, хамтын ажиллагааны зураглал боловсруулж, хэрэгжүүлэх талаар санал солилцож тохиролцоонд хүрэв.

Холбоотой мэдээ