Аюулгүй байдлын тэмдэг, тэмдэглэгээгүй жимс, жимсгэнэ эрсдэл дагуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Дэлхийн хүнсний өдөр өнөөдөр тохиож байна. Манай улсад худалдаж буй жимс, жимсгэний 70 хувь нь хүнсний аюулгүй байдлын тэмдэг, тэмдэглэгээгүй байгаа нь эрсдэл дагуулж буйг мэргэжилтнүүд хэлж байна.
Алим, лийр, интоор зэрэг
жимсийг удаан хадгалах зорилгоор тосон түрхлэг буюу вакс хэрэглэдэг. Олон улсын
стандартад вакс түрхсэн жимс, жимсгэнэд хүнсний аюулгүй байдлын код бүхий
тэмдэг, тэмдэглэгээ байдаг аж. Жишээ нь, 9-өөр эхэлсэн 5 оронтой тоотой бол
органик бүтээгдэхүүн, 3 болон 4-өөр эхэлсэн 4 оронтой тоотой бол хортон шавьж
устгах бодис хэрэглэсэн, 8-аар эхэлсэн 5 оронтой тоотой бол генийн өөрчлөлттэй
байдаг байна.
Жимс, жимсгэнэд тосон
түрхлэг хэрэглэхдээ Е902 код бүхий тэмдэглэгээг ашигладаг байна. Харин бусад, байгалийн гаралтай бус тосон
түрхлээ бүхий хүнсний бүтээгдэхүүн нь хавдар зэрэг өвчнийг үүсгэх магадлалтайг
хэлж байна. Тосон түрхлэг түрхсэн жимсийг 5-6 сарын хугацаанд хадгалдаг бол органик
жимс хамгийн багадаа 4-8 хоногт мууддаг байна.
Манай улсад алимны нэг хүний өдрийн хэрэглээ 96 грамм байдаг аж.
Манай улс дотооддоо алим, үрэл,
чацаргана зэргийг тариалж хүнсэндээ хэрэглэж байна. Жишээ нь, Ховд аймгийн
Булганд суманд өнгөрсөн онд 73.5 га талбайд жимс, жимсгэнэ тариалж, 150.6
тонныг хураан авчээ. Ингэснээр органик жимс, жимсгэнэ хэрэглэх боломж бүрдэж
байна. Жимс, жимсгэний тариалалтыг нэмэгдүүлэх нь хүн амын эрүүл мэнд, эдийн засагт
чухал нөлөөтэй.
Монгол Улс 5 жилийн өмнө 800 тонн алим, 15 тонн интоор, 2000 тонн лийр, бусад самар, жимс 14.000 тонныг импортоор авч байв. Тэгвэл сүүлийн жилд 23-34 мянган тонн болж нэмэгдэн, өнгөрсөн онд манай улс нийт 51 мянга орчим тонн жимс, жимсгэнэ импортоор авчээ. Тиймээс манай улсад импортын жимс, жимсгэнийн импорт, хэрэглээг хянан, дотоодын аж ахуйгаа хөгжүүлэх цаг ирснийг ХАА-н мэргэжилтнүүд анхааруулж байна.
Манай улсад нийлүүлж буй жимсний
дийлэнх хувийг ОХУ, БНХАУ, Польш, Казахстан, Бельги улс эзэлж байна.
Холбоотой мэдээ

