“Этгээд” уран сайхны кино АНУ-д нээлтээ хийжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Найруулагч, зураглаач Б.Баатарын “Этгээд” уран сайхны кино АНУ-ын зах зээлд албан ёсоор нээлтээ хийж, сүлжээ кино театрын дэлгэцнээ гарч байгаа анхны монгол кино боллоо.
Тодруулбал, Лос-Анжелосын “Chinese” театрт холливуудын уран бүтээлчидтэй хамт албан ёсны нээлтээ хийж, тус хотын “Leammle” театрын дэлгэцнээ үзэгчдэд хүрч эхэлжээ.
Түүнчлэн Чикаго хотын “AMC” сүлжээ театрын дэлгэцнээ монгол кино Америкийн үзэгчдэд хүрч эхлээд байна. Улаан хивсний ёслолд кино багийн төлөөлөл болох ерөнхий найруулагч Б.Баатар, продюсер С.Ангараг, зохиолч Г.Бямбасүрэн, зураглаач А.Жаргалсайхан, жүжигчин Ч.Сэлэнгэ, Б.Бадамцэцэг болон АНУ-ын продюсингийн компани болох “Three flames pictures”-ийн продюсер Тревор Морган, Б.Дөлгөөн нар оролцжээ.
"Этгээд" уран сайхны киног олон улсын зах зээлд “Aberrance” нэрээр гаргаж буй бөгөөд дэлгэцийн бүтээлийг олон улсын зах зээлд борлуулах, түүнчлэн АНУ-д монгол кино нээлтээ хийхэд “Three flames pictures” компани томоохон үүрэг гүйцэтгэж байгаа аж.
Өнгөрсөн онд
нээлтээ хийж байсан тус киног 2024 оны нэгдүгээр сараас “Amazon prime, “Hulu” зэрэг АНУ-ын
IPTV, OTT үйлчилгээний платформууд дээр
борлуулахаар болжээ.