Даалууны гуншин дуудах үзүүлбэр шилдгээр шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-09-20 14:35:07

Өмнөговь аймагт ахмадуудын дунд зохион байгуулсан "Дуулан бүжье" цэнгүүнийг шилдгээр Даалууны гуншин дуудах үзүүлбэр шалгарсан байна.

Аймгийнхаа нийт ахмадуудын дунд жил бүр уламжлал болгон дээрх цэнгүүнийг зохион байгуулдаг юм. Энэ жилийнх бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж, аймгийнхаа төвд шалгаруулалтыг хийсэн нь онцлог байлаа. Хоёр өдрийн турш танхим дүүрэн үзэгчидтэй "Дуулан бүжье" цэнгүүнд ахмадууд ардын язгуур урлаг, цэнгээнт бүжиг, ардын дуу, хөгжим, уран уншлага гэсэн төрлүүдээр өрсөлдсөн юм. Тус аймгийн 15 сумын 90 гаруй ахмадууд авъяас билгээ уралдуулан оролцлоо.

Ардын язгуур урлагийн төрөлд шилдгээр "Даалууны гуншин дуудах" үзүүлбэрээрээ Булган сумын н.Бямбаа шилдгээр шалгарсан бол "Замбага ягаан цэцэг" монгол ардын дуугаар Сэврэй сумын н.Оюундэлгэр дууны төрөлд шалгарчээ. Мөн Баян-Овоо сумын утсан хөгжмийн хамтлаг хөгжмийн төрөлдөө ахмадуудаа манлайлж, Даланзадгад сумын н.Жавзмаа Ш.Дулмаагийн зохиол "Хүүгийн эцэгт бичсэн захидал" шүлгээр уран уншлагын төрөлд, н.Мягмар, н.Алтанчимэг нар цэнгээнт бүжгийн төрөлд тэргүүлсэн байна. 

Тус аймгийн ахмадын хорооны дарга О.Бадарч ярихдаа "Ирэх жил бид энэхүү арга хэмжээгээ улам өргөжүүлэх залуу, дунд үеэ хамруулах бодолтой байгаа" гэлээ.

Мөн энэ үеэр Гурвантэс сумын өндөр настан н.Сүрьяаг Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж, Сэврэй сумын өндөр настан н.Шатарбат, Даланзадгад сумын өндөр настан н.Сономцэенпэл, Ханбогд сумын өндөр настан н.Ядамсүрэн нарыг Монгол Улсын ардын авъяастан цолоор өргөмжилсөн юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

 

Холбоотой мэдээ