ГОВЬ-АЛТАЙ: Үзэсгэлэн худалдаагаар 30 сая төгрөгийн борлуулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-10-09 10:30:31

Есөнбулаг 2023 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд хүргэх, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилготой “Алтай түншлэл-2023” үзэсгэлэн худалдаа 19 дэх жилдээ боллоо.


Үзэсгэлэн худалдаанд тус аймгийн 17 сумын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид, нөхөрлөл, хоршооны төлөөлөгчид үндэсний хувцас, гутал, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, сүү цагаан идээ, гар урлал, сур суран эдлэл, гоёл чимэглэл, эсгий болон ноос ноолууран бүтээгдэхүүн, нийтийн хоол зэрэг төрлүүдээр оролцжээ. Тэд энэ удаагийн үзэсгэлэн худалдаагаар нийт 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг худалдаалж, 30 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.


Аравдугаар сарын 5, 6-нд Алтай хотноо болсон үзэсгэлэн худалдаанд оролцсон газар тариалан эрхлэгчид: "Иргэдийн худалдан авах чадвар тааруу байна. Өнөө жил бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн, жишээлбэл нэг кг төмс 800 төгрөгөөр худалддаг байсан бол одоо 2000 болсон. Үнийн өсөлт борлуулалтад мөн нөлөөлж байна" гэлээ.


Харин иргэдийн хамгийн ихээр сонирхож худалдан авалт хийсэн зүйл бол цагаан идээ. Цагаан идээний үнэ ч мөн адил өсжээ. Тавгийн ааруул хэмжээнээсээ шалтгаалаад 280-400 мянган төгрөг, нэг кг ааруул 20-35 мянга, цагаан тос 25 мянга, аарц төрлөөсөө хамаарч нэг кг 8000-20000 төгрөг, тараг нэг литр нь 6000, сүү нэг литр нь 5000 төгрөгийн үнэтэй байна. 

Холбоотой мэдээ