ГОВЬ-АЛТАЙ: Амжилт гаргасан багш нарыг 30 хүртэлх сая төгрөгөөр урамшуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-10-06 17:07:28

Есөнбулаг, 2023 оны 10 дугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дахь өдрийг тохиолдуулан аймгийн Засаг даргын ивээл дор "Багш - Эрдэнэ" ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа.


Говь-Алтай аймагт 2021 оноос хэрэгжиж буй "Боловсролын чанарыг сайжруулах" хөтөлбөрийн хүрээнд 1,4 тэрбум төгрөгийг багш нарын урамшуулалд зарцуулж Алтай нутгийн боловсролын салбарт амжилттай ажиллаж буй багш нэг бүрийн хөдөлмөр зүтгэлийг 500 мянгаас 30 сая төгрөгөөр урамшуулсан нь бодит үнэлэмжийг бий болгох, багш хүүхэд бүрийн тэгш оролцоог сайжруулах, багшийн ур ухаан, мэдлэг боловсрол, заах арга зүйн чадваруудыг хөгжүүлэх чиглэлээр орон нутгийн төсвөөс зарцуулж буй бодит дэмжлэг боллоо.


Тухайлбал, ЭЕШ-д сурагчдаа массаар нь амжилттай бэлтгэсэн Есөнбулаг сумын нэгдүгээр сургуулийн нийгмийн ухааны багш Н.Нарантуяаг 30 сая төгрөг, физикийн багш Б.Нацагдоржийг 20 сая төгрөгөөр шагналаа.

Мөн аймгийн хэмжээнд судлагдахуун тус бүрээр анги олимпиадыг зохион байгуулж гүйцэтгэл өндөртэй байсан багш сурагчдыг 1-10 сая төгрөгөөр урамшуулсан бол Улсын Монгол бичгийн "Анги олимпиад"-д ангиараа амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн Есөнбулаг сумын гуравдугаар сургуулийн М.Тунгалагтуул багштай 9а ангийн сурагч тус бүрийг 1.000.000 төгрөгөөр, багшийг 15.000.000 төгрөгөөр нийт 42.000.000 төгрөгөөр урамшуулсан нь энэ удаагийн “Багш-Эрдэнэ” ёслолын үйл ажиллагааны онцлог байлаа. Үүний сацуу СӨБ-ын багш нарын дунд сайн хичээлийн уралдаан, илтгэлийн уралдаан зохион байгуулж тэргүүлсэн багш нар болон шилдэг мэргэжлийн хөгжлийн бүлгүүдийг урамшуулсан юм. 


Сонирхуулахад, анги олимпиадад амжилт үзүүлсэн нийт 400 орчим багш байгаа ба тэднээс хамгийн өндөр амжилт үзүүлсэн багшийг 10 сая, хамгийн багадаа 500 мянган төгрөгөөр урамшуулав.


Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудад 788, СӨБ-ын байгууллагад 181 үндсэн багш ажиллаж байна. 2023-2024 оны хичээлийн жилд Говь-Алтай аймгийн ЕБС-ийн 788 үндсэн багшийн 82,1 хувь нь эмэгтэй, 17,9 хувь нь эрэгтэй бол СӨБ-ын 181 багшаас 96,7 хувь нь эмэгтэй, 3,3 хувь нь эрэгтэй багш байгаа тухай Статистикийн хэлтсээс танилцууллаа. 


ЕБС-д ажиллаж байгаа багш нарын 32,9 хувь нь бага ангийн, 45,8 хувь нь дунд, 21,3 хувь нь ахлах ангийн багш байна. 


Холбоотой мэдээ