Монгол Улсын Ерөнхийлөгч Туркменистаны төрийн тэргүүнийг эх орондоо урьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРАШХАБАД, 2023 оны аравдугаар сарын 4 /TASS/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистаны төрийн тэргүүн Сердар Бердымухамедовыг эх орондоо айлчлахыг урьжээ.
“Монгол, Туркменистаны найрсаг харилцааг шинэ агуулгаар баяжуулж, харилцан ашигтай хамтын ажиллагааны ирээдүйтэй чиглэлийг тодорхойлох зорилгоор ноён Ерөнхийлөгч таныг манай сайхан оронд хүлээн авч уулзахдаа баяртай байх болно. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түүхэн шинэ хуудсыг нээх зорилгоор тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлах урилгыг минь хүлээн авна уу" гэж У.Хүрэлсүх Туркменистаны тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан баяр хүргэсэн захидалдаа бичжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг "Нейтраль Туркменистан" албан ёсны хэвлэлд нийтэлсэн байна.
Тэрбээр мөн Бердымухамедовын удирдлага дор Туркменистан улс цаашид цэцэглэн хөгжиж, Төв Азийн бүс нутгийн хөгжил дэвшилд томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Туркменистан улс тусгаар тогтнолоо тунхагласны 32 жилийн ойг есдүгээр сарын 27-нд тэмдэглэн өнгөрүүлжээ. Энэ өдрийг тус улсад амралтын өдөр болгон зарлаж, орон даяар баяр ёслолын арга хэмжээ зохион байгуулж, нийслэл Ашхабад хотод ёслолын буудлага хийснээр өндөрлөжээ. Туркменистан 1991 онд тусгаар тогтносон улс болсон бөгөөд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Туркменистан улсын Дээд зөвлөлөөс үндэсний хэмжээнд бүх нийтийн санал асуулга явуулж, "Тусгаар тогтнол ба Туркменистаны төрийн бүтцийн үндэс" хэмээх Үндсэн хуулийг баталсан байна.