ГОВЬ-АЛТАЙ: Галданбошигт хааны хэрэглэж байсан эмээл аймгийн музейд хадгалагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-10-02 10:38:07

Есөнбулаг, 2023 оны 10 дугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Орон нутаг судлах музейн ашигт малтмал, байгаль-газарзүй, түүх-угсаатан, шашин, ардын урлал, “Эх оронч”-дын болон Ч.Лодойдамбын гэсэн танхимуудад 2500 гаруй үзмэр, эд өлгийн зүйл хадгалагдаж байна. Тэдгээрээс ховорт тооцогддог үзмэр болох Галданбошигт хааны хэрэглэж байсан 17 дугаар зууны үеийн эмээл юм.


Энэхүү эмээлийг 1956 онд Шарга сумын Цагааннуур орчмоор нутаглаж байсан хөгшин Галданбошигт хаанаас үе удам дамжуулан хэрэглэж байгаад орон нутгийн музейдээ өглөө гэсэн мэдээлэл баримт бичигт бичигдсэн байдаг.


Эмээл нь монгол гутлын дүрслэлтэй ба урд бүүрэг нь хоншоорыг, хойд бүүрэг нь гутлын оймсны хярыг дүрсэлжээ. Харин хийцийн хувьд эмээлийн бүүргийн эмжээр буюу хярыг мөнгөөр цутган, түүний урагш, хойш харсан талуудыг алтаар шарж, дэвсэг дээр нь усан долгион хээг шаглан оёжээ. Энэ нь усны давалгаа, усны амьтан болох загасыг дүрсэлсэн нь тус аймгийн Шарга сумын нутагт "далай" байсантай холбоотой гэх домог яриа ч бий.

 

Говь-Алтай аймгийн музей 1947 онд Орон нутгийг судлах кабинет нэртэйгээр байгуулагдаж, 1967 оноос Музей болон өргөжжээ. Тус аймаг нь эртний хүмүүсийн оршин сууж байсан буурь бууц, багаж зэвсэг төдийгүй Монголын чулуун зэвсгийн үйлдвэрлэлийн үеийн болон дундаж шинэ үеийн түүхийг багтаасан ховор нандин дурсгал бүхий түүх соёлын өлгий нутаг юм. Тус аймгийн Орон нутгийг судлах музей нийт 2500 орчим үзмэртэй. Байгаль газар зүй, түүх угсаатан, ардын урлаг, хүндэтгэлийн гэсэн танхимуудад 1600 шахам соёлын үнэт үзмэрийг дэлгэн сурталчилдаг юм. 


Холбоотой мэдээ