“Монгол, Хятадын найрамдлын долоо хоног” эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-09-25 14:33:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад суугаа БНХАУ-ын ЭСЯ, Монгол Хятадын найрамдлын нийгэмлэг  хамтран зохион байгуулж буй  “Монгол, Хятадын найрамдлын долоо хоног” 2023 оны 9 дүгээр сарын 25-нд эхэллээ.


Энэ сарын 30-ныг хүртэл үргэлжлэх энэхүү өдрүүдийн нээлтийн ёслол Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд болов. 

Жил бүрийн уламжлалт “Монгол, Хятадын найрамдлын долоо хоног” нь  хоёр орны соёл, хүмүүнлэгийн салбар, орон нутгийн харилцаа хийгээд ардын дипломатын үйл ажиллагааг өргөтгөн, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, улмаар ард түмэн хоорондын харилцан танин мэдэхүй, ойлголцлыг бэхжүүлэхэд чухал үүргийг гүйцэтгэж байгааг зохион байгуулагчид энэ үеэр тодотгов. Нээлтийн үеэр “Өнөөдрийг хүртэл нандигнан зузаатгаж ирсэн хоёр орны найрамдлын харилцаагаа цаашид илүү хөгжүүлэх болно” хэмээн Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Г.Батсүх онцлов.


БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн дарга Ли Жи “Хятад, Монгол хоёр улс уул усаараа холбогддог сайн хөршүүд. Үүнд хүн хооронд болон хүмүүнлэгийн солилцоонд чухал үүргийг гүйцэтгэдэг. Энэ жилийн зохион байгуулсан үйл ажиллагаанаас дурдвал, Хятад орныг танин мэдэхүй, Өвөрмонголын соёлын өдрүүдийн хүрээнд Хятадын киноны нээлтийг хийсэн, мөн Боловсрол суваг телевизэд “Аз жаргалын хотхон-гурав” олон ангит киног бэлэглэсэн. Цаашдаа шат дараатай олон үйл ажиллагааг зохион байгуулна” гэлээ. 


Энэ өдрүүдэд зохион байгуулах ажлууд:

  • Улаанбаатарт “Хятадын байгалийн үзэмж ба хөгжил дэвшил”, Чойбалсан хотод “Ляонин муж”, Цэцэрлэг хотод “Хармөрөн муж”-ийн тухай гэрэл зургийн үзэсгэлэн
  • ГХЯ, Стратеги судлалын хүрээлэн, ОУСХ-тэй хамтарсан “Монгол, Хятадын харилцаа, хэтийн төлөв” сэдэвт дугуй ширээний хэлэлцүүлэг, ярилцлагыг МҮОНТ болон Радиогоор зохион байгуулна.
  • Хятадын орчин цагийн хөгжил, дэвшлийн тухай баримтат кинонуудыг телевизийн сувгуудаар олон нийтэд хүргэх
  • Зохиолч, сэтгүүлч, судлаач сонирхогчдын дунд “Хятад орны хөгжил цэцэглэлт миний нүдээр” сэдэвт шилдэг нийтлэлийн уралдаан зарласан бөгөөд шалгарсан бүтээлийн зохиогчдод тусгай шагнал олгож БНХАУ-д аялуулах зэрэг үйл ажиллагаа болно. 

“Монгол, Хятадын найрамдлын долоо хоног”-ийн нээлтэд БНХАУ-ын Төвөдийн Өөртөө засах орон, Ляонин мужийн удирдлага, төлөөлөл хүрэлцэн ирж оролцов. Мөн энэ үеэр “Хятадын байгалийн үзэмж ба хөгжил дэвшил” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэж, Ляонин мужийн дуу хуураас толилуулсан юм. 

Р.Цэцэгбаяр





Холбоотой мэдээ