ГОВЬ-АЛТАЙ: Амжилт үзүүлсэн багш, сурагчдыг 1,3 тэрбум төгрөгөөр урамшуулахаар баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-09-26 10:27:50

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн ИТХ-ын 14 дүгээр хуралдаанаар Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан "Боловсролын чанарыг сайжруулах хөтөлбөр"-ийн хүрээнд амжилт гаргасан 600 гаруй багш, 45 сурагчийг 745 сая төгрөгөөр урамшуулахаар баталлаа. 


Говь-Алтай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Ж.Амгаланбаатар: 


“Бидний хувьд 2023 оны зургаадугаар сард болсон ИТХ-аар ЭЕШ-д амжилт үзүүлсэн багш, сурагчдыг 620 сая төгрөгөөр урамшуулах тогтоолыг батлуулж, амжилт гаргасан шинэ оюутнуудад 200 гаруй сая төгрөгийн тэтгэлэг олголоо. Түүнчлэн энэ цаг үед ЭЕШ-д амжилт гаргасан сумдын багш нарыг урамшуулах ажлыг зохион байгуулж байна” гэлээ. 


Ийнхүү зургаадугаар сард 620 сая төгрөг, өдгөө 745 сая нийт 1,3 орчим тэрбум төгрөгөөр аймгийнхаа боловсролын чанарт ахиц гарахад хувь нэмрээ оруулж амжилт үзүүлсэн СӨБ, ЕБС-ийн багш, сурагчдын ур чадварыг үнэллээ. 


Сонирхуулахад, анги олимпиадад амжилт үзүүлсэн нийт 400 орчим багш байгаа ба тэднээс хамгийн өндөр амжилт үзүүлсэн багшийг 10 сая, хамгийн багадаа 500 мянган төгрөгөөр урамшуулах аж. Урамшууллыг багш нарын баярыг угтаж аравдугаар сард олгохоор төлөвлөсөн тухай холбогдох албанаас мэдээллээ.


Холбоотой мэдээ