“Өмнийн сайхан говиор” уран бүтээлийн үзэсгэлэнг нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-09-19 15:54:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Урчуудын Эвлэлээс зохион байгуулдаг “Өмнийн сайхан говиор” 38 зураачийн уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэнг Монгол Арт галерейд энэ сарын 22-нд нээнэ. 


“Өмнийн сайхан говиор” арт төслийг 2019 оноос зохион байгуулж, 70 гаруй уран зураач бүтээлээ туурвижээ. Төслийн хүрээнд Монголын дүрслэх урлагийн сор болсон ахмад, дунд, залуу үеийн зураачид Өмнөговь аймгийн долоон сумын нутгаар аялж, үзэсгэлэнт газруудыг уран бүтээлд мөнхлөн, түүгээрээ хамтарсан үзэсгэлэн гарган олон нийтэд толилуулдаг юм. 


Тус төсөл Өмнөговь аймгийн байгалийн үзэсгэлэнт газрууд болон ан амьтад, ахуй амьдралыг Монголын шилдэг зураач уран бүтээлчдээр дамжуулах, урлагийн бүтээлд мөнхлөн үлдээх, байгалийн үзэсгэлэнт газруудаа хайрлан хамгаалах үзлийг нийгэмд таниулах, улс орны хэмжээнд болон олон улсад таниулан сурталчлах, ерөнхий ивээн тэтгэгч, дэмжин ажиллагч компаниудаа сурталчлан алдаршуулах зорилготой. Төслийг Өмнөговь Аймгийн Нутгийн Зөвлөл болон Ажнай корпорацын ивээн тэтэглэг дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.


Энэ удаагийн аяллаа байгалийн үзэсгэлэн бүрдсэн Ёлын ам-Мухар шивэрт-Ноён богд-Сайн саран хөндий-Ханын хэц-Толь хад-Хэрмэн цав-Наран даац-Зулганайн гол-Нэмэхтийн цав-Хонгорын элс-Баян заг зэрэг газраар хийжээ. 


Тус үзэсгэлэн энэ сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ. 


Р.Цэцэгбаяр


Холбоотой мэдээ