Пап Францисын айлчлалыг сурвалжлах хэвлэлийн төв ажиллаж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад 2023 оны наймдугаар сарын 31-ний өдрөөс есдүгээр сарын дөрөвний өдрүүдэд төрийн айлчлал хийхээр өнөөдөр хүрэлцэн ирлээ.
Түүнийг дагалдаж гадаадын 60 гаруй байгууллагын 150 орчим хэвлэл мэдээллийн ажилтнууд манай улсад ирээд байна. Энэхүү сэтгүүлч, сурвалжлагчдад зориулсан "Хэвлэлийн төв" өнөөдрөөс "Новотел" зочид буудалд ажиллаж эхэллээ.
Тус төв нь айлчлалын хугацаанд өдөр бүр 7-21 цагийн хооронд ажиллах юм. Уг айлчлалын багт багтсан сэтгүүлч сурвалжлагчид Пап Францисын манай улсад газардсан тухай эхний мэдээллүүдээ энэхүү төвөөс дамжуулсан байна.
Үүний зэрэгцээ дотоодын нийт 180 сэтгүүлч, гэрэл зурагчин, зураглаач уг айлчлалыг сурвалжлах эрхээ авчээ.