Москва, Пёньян хоёр зэвсэг нийлүүлэх гэрээ байгуулах нь НҮБ-ын тогтоолыг зөрчсөн үйлдэл болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-08-16 15:25:28

ВАШИНГТОН./VoA/. АНУ-ын Төрийн Департаментын хэвлэлийн төлөөлөгч Ведант Пател цэргийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн Орос, Умард Солонгосын мэдэгдэлтэй холбогдуулан мягмар гарагт тайлбар хийлээ.


Тэрбээр "Умард Солонгос ба Оросын аюулгүй байдлын салбар дахь ямарваа хамтын ажиллагаа, зэвсгийн наймаа нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хэд хэдэн тогтоолыг зөрчсөн хэрэг болно" гэж мэдэгджээ.


Орос улс Украины эсрэг хийж буй дайндаа Умард Солонгос, Иран зэрэг улсуудаас дэмжлэг авах гэж найдаж байна гэж В.Пател онцолжээ. "Бидэнд байгаа мэдээллээр Орос улс Умард Солонгостой цэргийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг эрмэлзэж байна" гэж тэрбээр хэллээ.


Ташрамд дурдахад, мягмар гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар цэргийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх эрчимжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа харилцан нотолсон юм.


Сергей Шойгу өнгөрсөн сард Пёньянд айлчилж Умард Солонгосын Батлан хамгаалахын сайд Кан Сун Намтай уулзах үеэрээ хоёр орны түншлэлийг өндрөөр үнэлсний дараа Төрийн Департаментын хэвлэлийн төлөөлөгч дээрх тайлбарыг хийлээУг айлчлалын талаар Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен хэлэхдээ "С.Шойгу зэвсэг худалдан авах асуудлаар Умард Солонгост айлчилсан" гэжээ.


Умард Солонгостой хамтын ажиллагаагаа бэхжүүлэх гэсэн С.Шойгугийн санал нь Украины эсрэг дайнд зориулж Орос улс зэвсэг худалдаж авахдаа Умард Солонгос болон Иранаас хамааралтай байгааг харууллаа хэмээн Байдены засаг захиргаа мэдэгдлээ.

 


 

 

Холбоотой мэдээ