Аадрын улмаас үүссэн гэмтлийг засаж, хэрэглэгчдийг эрчим хүчээр хангав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2023-08-16 14:26:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 13-ны өдрийн 22.40 минутаас 23.10 минутын хооронд Архангай аймгийн Хашаат сумын нутгаар хүчтэй аадар бороо орж, 27 м/сек хүчтэй шороон шуурга шуурсан.


Шуурганы улмаас Хархорин дэд станцаас 40 км орчим зайд байх 110 кВ-ын Хархорин А, Б цахилгаан дамжуулах агаарын шугамын 679-683 дугаар хүртэлх тулгуур (ПБ110-8 маркийн 5 ширхэг төмөр бетон) хугарч, долоон аймаг, 57 сумын 45320 хэрэглэгч, 5256 аж ахуйн нэгж цахилгаан эрчим хүчээр хязгаарлагдсан юм.


110 кВ-ын Хархорин А, Б цахилгаан дамжуулах агаарын шугамын гэмтлийг сэргээн засварлах ажлыг 14-ний өдрийн 6:37 минутаас 15-ны өдрийн 17:34 минутын хооронд "ЦДҮС" ТӨХК-ийн Улаанбаатар болон Хангайн бүсийн салбарын нийт 96 ажилтан, 24 техник хэрэгсэлтэйгээр  ажиллаж, хэрэглэгчдийг эрчим хүчинд холбожээ.


Холбоотой мэдээ