Д.Сумъяабазар: Бидний мандан бадрахын үндэс нь оюун санааны эв нэгдэл, шинжлэх ухаан, технологийн хөгжил мөн
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүй долоо худагт болж буй Монголчуудын өв соёлын "Даншиг наадам-Хүрээ цам 2023”-ын хүрээнд “Нүүдэлчдийн нийслэл” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.
Монгол туургатны эрдэмтэн судлаач, түүхчдийн өргөөнд хоёр өдөр үргэлжлэх энэ хуралд Монгол, Тува, Халимаг, Буриад, Өвөр Монгол, Дээд Монгол, Казахстан, БНСУ, ХБНГУ зэрэг 10 улсын угсаатны зүй, түүх, соёл судлал, шашин судлал, соёлын антрополги, археологийн 100 гаруй эрдэмтэн судлаач оролцож байгаа юм.
Энэ жилийн наадмыг “City of Nomads” уриа дор аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон, жуулчдад шашин соёлыг таниулах, улмаар тусгай сонирхлын аяллын төрлөөр хөгжүүлэх, эрдэмтэн судлаачдыг оролцуулж, хил хязгааргүй оюуны дэд бүтэц үүсгэх, “Нүүдэлчдийн нийслэл” агуулгыг судалгааны үүднээс үнэлэн дүгнэж, цаашдын чиглэлийг тодорхойлох гэж байгаа нь чухлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хурлыг нээж хэлсэн үгэндээ тэмдэглэв. Тэрбээр, Монгол Улсын мандан бадрахын үндэс нь бидний оюун санааны эв нэгдэл, шинжлэх ухаан, технологи, инновацын дэвшингүй хөгжил мөн. Билиг төгс өвөг дээдэс маань үр хойч бидэндээ захин сургасанчлан эрдэм номыг эрхэмлэж, эрдэмтэн мэргэдийнхээ сэцэн ухааныг түшиж, монгол түмний минь билиг оюун мохошгүй хурц, мөхөшгүй бат байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүллээ.
Хурал монгол туургатны баяр наадам, нүүдэлчдийн хотын онцлог, бурхны шашны соёл зан үйл зэрэг сэдвээр өрнөж байна. Тодруулбал, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн доктор О.Батсайхан “Монголын буддын шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтын институци ба Бат оршил өргөх ёслол”, доктор, профессор С.Дулам “Хүрээ дөрвөн уулын тахилга”, МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн багш, доктор Ж.Лхагвадэмчиг “Монгол түмний шашин соёлын бат оршил”, Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, буддын гүн ухааны гэвш Н.Амгалан “Их хүрээ цамын үүсэл гарвалыг нэхэн судлах нь”, Өвөр Монголын Радио Телевизийн Хорооны Олон улсын мэдээлэл харилцааны төвийн сэтгүүлч З.Үсэгбуян “Өвөр Монголын зангиат бөх ба баяр наадам” сэдвээр илтгэл хэлэлцүүлж байна.
Маргааш ХААИС-ийн ХШУИС-ийн Нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч, доктор Б.Лхагвадорж, ЮНЕСКО-гийн ивээл дор Нүүдлийн Соёл Иргэншлийг Судлах Олон Улсын Хүрээлэнгийн доктор Хоньчууд Н.Гэрэлт, Төвд судлаач Г.Ням-Очир, Буриадын их сургуулийн багш, доктор Александр Елаев тэргүүтэй эрдэмтэн, судлаачид олон сонирхолтой сэдвээр илтгэл хэлэлцүүлэх юм.