БАЯНХОНГОР: Харвуул наадам 70 орчим сая төгрөгийн шагналын сантай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-07-20 10:40:30

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол туургатны Харвуул наадмыг Баянхонгор аймаг энэ сарын 18-21-ний өдрүүдэд Заг байдрагийн түүхт Хүрэн бэлчирт зохион байгуулж байна. 


М
онгол үндэстний эрийн гурван наадмын нэгэн төрөл, өв соёлын бахархал болсон сурын харвааг Монголын үндэстэн, ястан, нүүдэлчин угсаатнуудын дунд уламжлагдаж ирсэн төрлөөр нь сэргээн хөгжүүлэх, өвлүүлэн үлдээх зорилготой тус наадам хоёр дахь жилдээ болж байгаа юм.


Харвуул наадмын нээлтийн ёслолд Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Монголын үндэсний сурын холбооны Баянхонгор аймаг дахь салбарын тэргүүн, Харвуул наадмыг зохион байгуулах хорооны дарга Ц.Отгонбаяр, Заг, Жаргалант, Баян-Овоо сумдын удирдлага, Монгол Улсын гавьяат тамирчин дархан мэргэн Ц.Хүдэрчулуун нарын улс, аймгийн алдар цолтой хүндэт харваачид, Өвөрмонгол, Тува, Буриадын харваачид, ард иргэд болон наадамчин олон оролцлоо. 




Чандмань толгойн овооны эхээс 50 морьтон болон наадамд оролцогч мэргэн харваачид Эзэн Чингис хааны хөшөөнд  хүндэтгэл үзүүлэн жагссанаар нээлтийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлсэн. Наадмын урьтал болж энэ сарын 18-нд “Их хааны хуралдай” эрдэм шинжилгээний бага хурлыг Монгол  Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн С.Юндэнбат, ШУТИС-ийн багш, Түүхийн ухааны доктор, дэд профессор /Ph.D/ Ю.Болдбаатар нар зохион байгуулж, монгол туургатны сурын харвааны түүхэн хөгжлийн талаар эрдэмтэн судлаачид 15 орчим сонирхолтой илтгэлийг тавьж, хэлэлцэв.


Харвуул наадам Холч харваа, Бөмбөг намнах харваа, Уламжлалт зэвт харваа, Нумт харваа, Саранпай харваа, Үндэсний сурын цуваа харваа төрлүүдээр үргэлжилж байна. 


Нийт 70 орчим сая төгрөгийн шагналын сантай Харвуул наадамд амжилттай оролцсон харваачдад Монголын үндэсний сурын спортын зэрэг цол олгох бөгөөд  Монгол өв соёл, зан заншил, нүүдэлчдийн соёлын отгийг байгуулж, мөн үеэр дуутай хуруу, адуучин зэрэг ардын наадгай, нүүдэлчдийн /эмэгтэй/ ажил мэргэжлийн уралдааныг тус тус зохион байгуулах юм.


Монгол туургатны Харвуул наадмын хүрээнд зочлох үйлчилгээний салбарынхан буюу худалдаа, буудал, хоолны үйлчилгээний 50 орчим цэг тус газар тогтмол үйл ажиллагаа явуулж байгаан зэрэгцээ нийт наадамчин олноо байгальдаа ээлтэй, хоггүй цэвэр наадахыг наадамчдад уриалж байна.





Холбоотой мэдээ