Үерийн бүс болсон нийслэлийн 18 байршилд 5000 алба хаагч ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Туул голын усны түвшин өчигдөр шөнөөс 311 см-т хүрээд байгааг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ.
Тодруулбал, өглөөний 06.00 цагийн байдлаар Төв аймгийн Алтанбулаг сумын орчим үерийн аюултай түвшинг 50 см-ээр давжээ. Харин 08.00 цагт 308 см болж буурсан нөхцөл байдалтай байна. Гэхдээ Туул голын эрэг дагуу Яармаг, "Биокомбинат" болон "Асем вилла" орчмоор нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгааг онцгой байдлын албанаас анхаарууллаа. "Биокомбинат" орчимд үерийн усанд боогдсон иргэдийг Онцгой байдлын алба хаагчид гаргаж байна.
Голын түвшин долоодугаар сарын 8-ны
- 02.00 цагт
301 см
- 04.00 цагт
308 см
- 06.00 цагт
311 см буюу үерийн аюултай түвшинг 51 см-ээр давжээ.
Хамгийн сүүлийн мэдээллээр нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй зэрэг 6 дүүргийн 26 хорооны 31 мянга шахам айл өрхийн 20 гаруй мянган иргэн, 11 мянган гудамж талбай 108 барилга, байшин үерт өртөөд байна.
Улаанбаатар хотод 18 байршилд нийслэл, дүүргийн гамшгаас хамгаалах алба, онцгой байдлын нийт 5000 орчим алба хаагч 400 тээврийн хэрэгсэлтэй ажиллаж байна.
Улаанбаатар хотын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд үeр усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.