ӨВӨРХАНГАЙ: Уурхайн тодорхой хувийг аймгийн иргэдэд эзэмшүүлэх шийдвэр гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-06-29 14:35:49

Арвайхээр /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргаас “Баянтээг” ХК-ийн орон нутагт ноогдох хувьцаанаас тодорхой хэсгийг аймгийн иргэдэд эзэмшүүлэх саналыг дэвшүүлж, аймгийн ИТХ-ын 20 дугаар хуралдаанаар дэмжин баталлаа.


“Баянтээг” ХК-ийн 70 хувь нь орон нутгийн өмч бол 24 хувийг “Шунхлай” групп, 6 хувийг иргэд эзэмшдэг аж. “Хувьцааг олгохдоо орон нутгийн 70 хувиас 19 хүртэл хувийг иргэдэд хаалттай байдлаар эзэмшүүлэх бодолтой байна. Ингэхдээ мэргэжлийн байгууллагын зөвлөгөөг авч ажиллана” хэмээн Засаг дарга А.Ишдорж хэллээ.




2019 онд “Баянтээг” ХК-ийн орон нутагт ноогдох тодорхой хэсгийг иргэдэд эзэмшүүлэх асуудлыг аймгийн ИТХ-аар хэлэлцэн 12 дугаар сарын 2-ны өдрийн 12/11 тогтоолоор баталж байжээ. “Гэвч сонгууль, ковидын халдвар гэхчлэн олон асуудал өрнөсний улмаас удааширсан. Тиймээс тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, ажлын хэсгийг дахин шинэчлэх саналыг оруулсан” хэмээн тэрбээр хэлэв.


“Баянтээг” ХК жилд 200-230 мянган тонн нүүрс борлуулж, 10 гаруй тэрбум төгрөг олдог байна. Үүнээс үйл ажиллагааны зардлаа хасаад 1.5-2 тэрбум төгрөгийн ашигтай ажилладаг аж. Сүүлийн хоёр Баянтээгийн нүүрсний уурхайд нарийвчилсан хайгуулын ажил хийж байгаа бөгөөд 292 метр зузаан нүүрсний цооног илрүүлээд байгаа аж. 

Холбоотой мэдээ