ӨМНӨГОВЬ: “Автомашингүй гудамж” дахин нэгээр нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-06-21 12:26:00

Даланзадгад /МОНЦАМЭ/. Хүүхдэд ээлтэй Өмнөговь" хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд шат дараатай ажлууд хийгдэж байгаа бөгөөд нэг томоохон ажил нь "Автомашингүй гудамж" төсөл юм. 

 

Хотын хүн амын дийлэнх хэсэг төвлөрч амьдардаг гэр хорооллын зорилтот гудамжуудыг “автомашингүй гудамж” болгох төслийг 2022 онд санаачлан 6 дугаар багийн төвд анх байгуулж байсан. Үргэлжлүүлэн Жаал-Уул хороололд 2 гудамжийг тохижуулсан юм.

 

Харин 6 дугаар сарын 19-ний өдөр Даланзадгад сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт дахин шинээр автомашингүй жишиг гудамжийг барьж тохижуулан ашиглалтад хүлээлгэн өглөө.

 

Энэ жил тус ажлыг үргэлжлүүлж аймгийн хэмжээнд жишиг болохуйц гудамжуудыг нэмж тохижуулахаар төлөвлөн ажиллаж байна.    




Өмнөговь төдийгүй улс орон даяар хүүхдийн эрүүл аюулгүй орчинд аж төрөх нөхцөл байдал хомс байгаа цаг үед энэхүү төсөл хэрэгжиж байгаагаараа ач холбогдолтой.

 

Хотын иргэдийг соёлтой, ухамсартай байж бяцхан үрсдээ зориулан хийж хэрэгжүүж байгаа бүтээн байгуулалтад өөриймсөг хандаж эвдэж сүйтгэлгүй, хайрлан хамгаалахыг төслийн ажлын баг уриаллаа. 

Холбоотой мэдээ