БАЯНХОНГОР: Таван хүн тойрч зогсоход гар нь арайхийж шүргэлцдэг "Хаан тоорой"

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-06-21 08:05:50

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Шинэжинст суманд говийн их дархан газрын үзэсгэлэнт Эхийн голын ойролцоо “Хаан” хэмээн өргөмжлөгдсөн тоорой мод бий. Өргөнөөрөө долоон метр бүдүүн тус модыг нас биед хүрсэн таван хүн тойрч зогсоход гар нь шүргэлцдэг.


Хаан тоорой Баянхонгор аймгийн Шинэжинст сумын төвөөс урд зүгт 170 км-т Саардаг хэмээх газарт байдаг. Говийн Их дархан газрын бүсэд багтдаг байгалийн үзэсгэлэн бүрдсэн Хаан тоорой модны ойролцоо их говийн томоохон баянбүрдүүдийн нэг болох Эхийн голын үзэсгэлэнт баянбүрд оршдог.


Дэлхий дээр энэ нутагтай ижил байгальтай, газар нутгийн хувьд ойр Өвөр Монголын Шинжаан Уйгарын Өөртөө Засах муж, Ганьсу муж, Хөхнуур болон манай улсын Өмнөговь аймгийн Номгон сумын Баянгол, Цагаан дэрст, Баяндалай сумын Жааханшанд, Мухарын ам, Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг Аж богд зэрэг газарт тархан ургасан тоорой мод байдаг. Тэдний дундаас Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт орших тус тоорой мод хамгийн том гэж бүртгэгдэн “Хаан тоорой” алдрыг хүртсэн байна.


Тооройн төрөл зүйл, насжилт, хамгаалалт байгаль экологийн тэнцвэрийг хадгалдаг онцлогтой. Элсэн говь цөлийн унаган ургамал бөгөөд улиас модны төрөл зүйлд хамаарна. Говь цөлийн элсэрхэг хөрсөнд, уулын хавцал амны булаг шандтай ойрхон чийглэг орчинд ургадаг. 


Тоорой мод Өмнөговь, Баянхонгор, Ховд, Говь-Алтай, Өвөрхангай аймагт говийн бусийн 30 орчим баянбүрдэд 53 мянган тоорой бүртгэгдсэн бөгөөд нэн ховор мод учраас Улаан номд бүртгэгджээ. Тоорой мод нь Баянхонгор аймгийн Эхийн голд үрээрээ ургадаг бол Монгол оронд хамгийн хойд цэгт ургаж байгаа тооройг Говьсүмбэр аймагт тарималжуулсан байдаг аж.



Тоорой модны өндөр нь 6-10 метр, навчны хэлбэр олон янз байдаг нь анхаарал татдаг. Нялх залуу тооройн навч нарийн хөмсөг шиг буюу нэг зуйл бургасны навч шиг, идэр залуу тооройн навч хус модны навч шиг шүдэлсэн бөөрөнхийдүү, өтөл хөгшин тооройн навч зууван гонзгойдуу хэлбэртэй гэх мэтээр 7-8 янзын навчны хэлбэр зөвхөн тоорой модонд ургадаг онцлогтой.


Иш нь сааралдуу, навчис нь арьсархуу, саарал, бүдэг өнгөтэй. Тавдугаар сарын эхээр цэцэглэж, 7 дугаар сарын эхээр үр боловсорч дуусна. Говийн мал тоорой модны залуу мөчрийг ихээр идэж гэмтээдэг тул ургах нөхцөл нь харьцангуй хязгаарлагдмал байдаг. Тооройг үр мөчрийн тайрдас, үндэсний ичмэл нахиагаар ургуулдаг бөгөөд говийнхон тооройг гэр ахуйн хэрэгсэл, малын хашаа саравч барих зэрэгт хэрэглэж иржээ.

Холбоотой мэдээ