СЭЛЭНГЭ: “Оюутан цэрэг”-үүд нэгдсэн сургалтад хамрагдахаар Орхон аймагт цуглав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-06-20 17:07:11

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Орхон аймаг дахь Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн сургалтын төвд Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Орхон зэрэг аймгаас “Оюутан цэрэг” сургалтад хамрагдаж буй сурагчид нэгдсэн сургалтад хамрагдахаар хүрэлцэн очлоо.

 

Эрүүл мэндийн үзлэг, түвшин тогтоох шалгалтдаа тэнцсэн сурагчдыг “Цэргийн мэргэжлийн бэлтгэл” шатны сургалтад хамруулахаар Орхон аймагт байрлах Зэвсэгт хүчний 186 дугаар ангид хүлээлгэн өгөх, сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцах үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

 

Энэхүү үйл ажиллагааны үеэр Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Б.Энхболд: “Оюутан цэрэг” сургалт энэ жил Сэлэнгэ аймагт анх удаа хэрэгжиж байгааг онцлоод, Монгол Улсын үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлж "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдаж буй залуустаа амжилт хүслээ. Мөн тэрбээр богино хугацаанд цэргийн эрдэмд шамдан суралцаж олон аавын хүүхдүүдтэй эв эеийг эрхэмлэн, нутаг усныхаа нэрийг өндөрт өргөж явахыг залуусдаа захилаа”.

 

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаас “Оюутан цэрэг” сургалтад 1500 оюутан, суралцагчийг хамруулах талаар гарсан шийдвэрийг Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб анхлан хэрэгжүүлсэн.

 

Оюутан цэргийн сонгон шалгаруулалтад тэнцсэн сурагчдад хоёр сарын хугацаанд “Цэргийн ерөнхий” бэлтгэл шатны 96 цагийн хичээлийг 7 хоног бүрийн бямба, ням гарагт орж сурагчдыг мэдээллээр хангаж байв.

Холбоотой мэдээ