Төсвийн тэнцэл 1.8 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭМонгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан талаар Статистикий ерөнхий хорооноос мэдээлэв.
Тус хорооноос өнөөдөр Монгол Улсын 2016 оны макро эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулсан юм.
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ энэ оны эхний 8 сард 3 их наяд 562.4 тэрбум, зарлага, цэвэр төлөгдөх зээлийн нийт хэмжээ 5.4 их наяд төгрөг байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 1 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт юм хэмээн СЕХ-ны Олон нийттэй харилцах хэлтсийн ахлах шинжээч Л.Цэвээнжав хэллээ.
Мөнгөний нийлүүлэлт энэ оны эхний найман сард 11.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.3 их наяд буюу 12.9 хувиар өссөн. Энэ нь өмнөх сарынхтай харьцуулахад 56.2 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт аж.
Монгол Улсад 8.1 их наяд төгрөгийн хадгаламж байна. Энэ нь өмнөх сарынхаас 117.1 тэрбум буюу 1.4 хувиар буурсан үзүүлэлт юм. Үүнээс 5.6 их наяд буюу 68.8 хувийг төгрөгийн хадгаламж эзэлж байгаа аж. Өмнөх жилүүдэд төгрөгийн хадгаламж 70-аас дээш хувийг бүрдүүлдэг байсан бол энэ жил харьцангуй буурах төлөвтэй байна. Харин валютын хадгаламж 2.5 их наяд болж, өмнөх оны мөн үеэс 381.8 тэрбум төгрөгөөр өссөн. Үүнээс үзэхэд иргэд төгрөг бус валютын хадгаламж нээлгэх сонирхол нэмэгдэж байгаа нь харагдаж байна.
Нийт зээлийн өрийн үлдэгдэл 12.4 их наяд төгрөг болсон. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 585.6 тэрбум буюу 4.9 хувиар өссөн үзүүлэлт. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 857.2 тэрбум төгрөг байна. Энэ нь нийт зээлийн 6.9 хувийг бүрдүүлж байгаа бол чанаргүй зээлийн хэмжээ 1.1 их төгрөг байна.
Манай улс энэ оны эхний 8 сард 140 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 5.2 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 3 тэрбум ам.доллар, импорт 2.2 тэрбум ам.долларыг бүрдүүлж, гадаад худалдааны тэнцэл 704.8 сая ам.долларын ашигтай гарсан байна. Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний дийлэнхийг уул уурхай, олборлох үйлдвэрийн бүтээгдэхүүн эзэлдэг. Энэ онд нүүрсний экспорт 42.5 хувь, зэсийн баяжмал 12.5 хувиар нэмэгдсэн хэдий ч орлогын хэмжээ 258.3 сая ам.доллар буюу 7.9 хувиар буурсан байна. Үүнд дэлхийн зах зээл дэх түүхий эдийн ханш буурсан нь нөлөөлжээ.
Улсын хэмжээнд хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 0.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Үүнд хүнсний бараа, ус ундааний бүлгийн үнэ 3.5 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.
Ч.Ариунболд