ӨВӨРХАНГАЙ: Мэргэд сургуульд япон хэлний цахим танхим байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-06-13 06:03:08

Арвайхээр /МОНЦАМЭ/. Улсын тэргүүний  Лаборатори Мэргэд сургуульд Япон хэлний цахим танхимыг байгуулж, иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангалаа.


Япон Улсын Засгийн газрын “Соёлын Өвсний үндэс” төслийн буцалтгүй тусламж болох 114 сая, аймгийн төсвийн 53 сая төгрөгийн өртгөөр Олон улсын u-class програмд холбогдсон, ухаалаг дэлгэц бүхий 37 компьютерийг, принтерийн хамт суурилуулж, сурагчдад япон хэлийг богино хугацаанд чанартай сурах орчин нөхцөлийг бүрдүүлж байна.


Тус үйл ажиллагаанд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши гэргийн хамт оролцож, Япон – Монголын найрамдалт харилцааг бататгахад Мэргэд лаборатори сургуулийн хамт олон чухал хувь нэмэр оруулж ажилладгийг онцлон талархал илэрхийлсэн юм.




Тус сургууль 1998 онд байгуулагдсан цагаасаа хойш 25 жилийн турш Өвөрхангай аймгийн сурагчдад япон хэлийг зааж байгаа аж. Одоогоор 280 гаруй хүүхдэд япон хэлний мэдлэг, чадвар эзэмшүүлснээс 100 хүүхэд сурагч солилцоогоор Япон Улсад сураад байна. Мөн 2022 оноос эхлэн тус улсын Такикаво хоттой найрамдалт харилцаа тогтоож, багш, сурагчдын солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ.


“Лаборатори Мэргэд сургууль нь япон хэлний түвшин тогтоох шалгалтыг 7 дахь жилдээ авч байгаа ба энэ хичээлийн жилд 22 сурагч N3, N4 түвшний шалгалтаа амжилттай өгсөн. Мөн япон хэлний сургалттай сургуулиудын дунд зохион байгуулдаг олимпиадад манай сургууль жил бүр амжилтаа ахиулан оролцож байна” хэмээн зөвлөх багш Д.Дуламсүрэн хэллээ.


 

 

Холбоотой мэдээ