ӨВӨРХАНГАЙ: Ш.Тогтохбаатар: Залуу малчдыг төрийн бодлогоор дэмжээд өгөөсэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-06-09 16:20:03

Өлзийт /МОНЦАМЭ/. Өлзийт сумын 4 дүгээр багийн харьяат, Улсын аварга малчин Ш.Тогтохбаатартай ярилцлаа.


- Энэ жил өвөлжилт, хаваржилтын байдал хэр байв. Мал сүрэг онд мэнд оров уу?

- Энэ жилийн өвөл өнтэй, сайхан байсан. Харин хаврын цаг нэлээн зүтгүү байлаа. Хавсарга ихтэй, хүйтэн, ер нь хүндхэн талдаа байсан. Манайх Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг Хотолд өвөлжөөд Арбумбат гэх газар хаваржлаа. Отор нүүдлээр яваагүй нь оносон. Мал өвөлжилтийн бэлтгэлээ нэлээн сайн базаасны хүчинд мал сүрэг онд мэнд орлоо. Мянган боодол өвс, гурван тонн хивэг, гурван тонн будаа авч, сөлийн аргал 10-аад портерыг овоолж асгасны хүчээр өвөл, хаврыг ажрахгүй давлаа. Бэлтгэлээ сайн хангаж байж л малаа онд оруулна шүү дээ.


- Малчдын амьдрал ахуй ямар түвшинд байна вэ?

- Малчид хүндхэн нөхцөлд амьдарч байна. Өрнөөс өрний хооронд, зээлийн хүүгийн дарамт дор амьдарч яваа малчин олон бий. Малаа барьцаалаад зээл авчихдаг. Гэтэл байгаль хангай хавчаад цаг хатуурвал мал хорогдоно. Үүнээс шалтгаалж малчид хүнд байдалд их орж байна.



- Мал маллах хэцүү юу?

- “Мал маллах сайхан шүү, малчин бидний жаргал шүү гэж дуу байдаг даа. Байгаль хангай ээлтэй, сайхан л байх юм бол бид мал сүрэгтэйгээ жаргаж явдаг улс. Гэхдээ өнөөдөр малчид шиг зовж байгаа хүн алга. Халуунд халж, хүйтэнд хөрч явж байж л монгол орныг мал, махаар хангаж байна. “Малчин хүн мянган мэргэжилтэй” гэх үг бий. 24 цагийн турш хүнд хөдөлмөр эрхэлдэг, чөлөө зав, амралтгүй ажилладаг хүн малчдаас өөр байхгүй. Гэтэл төрийн нэг хүн “Малчид шиг жаргалтай хүн хаана байна” гэж ярихыг сонсоод их дургүй хүрсэн. Бид чинь бүтэн нойртой хонох нь ч ховор, Тэнгэр жаахан эвгүй бол бүхлээрээ унтаад л мал ахуйгаа сахиж хононо шүү дээ.


- Таны хувьд хэдэн жил мал маллаж байна вэ?

- Ах нь хэл, хөлд орох цагаасаа л малын захад явж байна. Эцэг өвгөдөөсөө л малч удам угсааг өвлөж, аав, ээжийнхээ гар дээр малтай ноцолдож өссөн хүн. “Оч” нэгдэл гэж байх үед 1982 оноос аав, ээжийнхээ нэр дээр мал маллаж байгаад цэргийн албыг Халх голын Сүмбэрт гурван жил хааж ирээд дахин малаа малласан. Айл орон болоод 40 гаруй жил мал дагалаа. Малаа тарга тэвээрэг сайн авахуулаад онд сайн оруулчихад сэтгэл дүүрэн байдаг юм.



- Залуу малчдын залгамж халаа тасарлаа гэж та сая хурал дээр нэлээн шүүмжлэлтэй хэллээ. Юунаас болж залуус мал маллах дургүй байна вэ?

- Малчдын залгамж халаа тасрах нь. Одоо бараг хамгийн залуу малчин 40 настай байна. Ихэнх нь таван төгрөг олох гэж төв суурин газрыг бараадаад янз янзын ажил хийгээд явчихдаг. Уг нь мал маллаад сайхан амьдрах боломж байна. “Мал дагавал ам тосдоно” гэсэн өвөг дээдсийн сургаал бий.  Үүнийг төрийн бодлогоор гаргаж ирэх хэрэгтэй байна.

Залуу малчдыг төрийн бодлогоор дэмжээд өгөөсэй. Яавал залуу малчид хөдөөнөө малаа маллаад сэтгэл хангалуун амьдрах боломжтой вэ гэдгийг олон талаас нь бодолцож шийдвэр гаргах хэрэгтэй байна.


- Малыг тооноос чанарт шилжүүлэх, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх талаар ямар бодолтой явдаг вэ?

- Тоо толгойд биш чанарт анхаарах нь зөв. Намар эр сувай малыг бой нядалгаанд оруулж, төллөх үржих малаа чанаржуулаад явах шаардлага тулгарч байна. Бэлчээрийн даац хэд дахин хэтэрсэн нь үнэн. Газар дэлхий дэлэгнээд ирэхээр мал ихтэй нэг нь ирээд хөрсөөр нь эргүүлээд хаячихдаг.

Гэхдээ бас бодох асуудал бий. Мах, сүүний чиглэлийн фермийн мал манай байгальд тохирдоггүй. Монгол мал зуд турханд тэсвэртэй, байгалийн баргийн бэрхшээлийг даваад гарчихдаг юм шүү дээ.



- Та хэзээ “Улсын аварга малчин” цол авлаа?

- 2014 онд Аймгийн аварга малчин, 2019 онд Улсын аварга малчин болж байсан. Би ч бас улсын цол автлаа чамгүй олон жил мал маллалаа. Бидний үед малын тоо толгойг харж шагнал өгдөг байсан. Одоо бол малаа чанаржуулж эрчимжүүлэхэд анхаарсан, байр хороогоо бэлдсэн, өвлийн бэлтгэлээ бүрэн базаасан, хөдөлмөрлөж зүтгэж яваа малчдыг залуу гэлтгүй шагнаж урамшуулах хэрэгтэй. Хүн урам, бурам хоёроор л амьдардаг шүү дээ.

- Баярлалаа. Танд эрүүл энх, сайн сайхныг хүсье.

 

Холбоотой мэдээ