ДОРНОГОВЬ: Хонины мах кг нь 15000 төгрөгийн үнэтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд /МОНЦАМЭ/. Сайншанд сумын махны худалдааны дэлгүүрийн лангуун дээр ямаа, үхрийн махны нийлүүлэлт тасарч, хонины мах бага кг-аар борлуулж байна.
Зарим дэлгүүрт махны нийлүүлэлт тасарчээ. Махны эрэлт нийлүүлэлт болон үнэ ямар байгаа талаар Сайншанд хотын “75 худалдааны төв”-ийн худалдагчаас тодруулахад “Энэ жил махны нийлүүлэлт өмнөхөөсөө бага байна. Малчид малаа өөрсдөө тээвэрлэж ирээд бидний үнээс дутахгүй өртгөөр худалдаж байгаа тул дэлгүүрийн үнээс ялгаагүй үнэтэй байгаа. Манайх хонины мах кг нь 15000 төгрөг, гулуузаар нь 14000 төгрөгөөр худалдаж байна” гэв.
Энэ өвөл цаг хатуу байсан төдийгүй хаврын улиралд олон хоногоор шороон шуурга шуурсан тул мал тамир тэнхээ муутай өвлийг давснаас гадна их хэмжээгээр хорогджээ. Мал тамир тэнхээ муутай байгаа тул малчид малаа зарж борлуулах нь бага байгаа юм.