ХЭНТИЙ: Хог хаягдал төлбөртэй авах ухаалаг машинтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-06-02 19:24:49

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэрлэн сумын ЗДТГ-ын санаачилгаар эко каш буюу хог хаягдал төлбөртэй авах ухаалаг машинтай боллоо.

Эхний ээлжинд хамгийн олон сурагчтай Хэрлэн нэгдүгээр сургууль дээр байршуулсан бөгөөд цаашид тус ухаалаг хогийн машиныг шаардлагатай цэгүүдэд байршуулахаар төлөвлөжээ.

2500 хүүхэдтэй сургуулийн хог хаягдал тэр хэмжээгээр их байдаг тул түүнийг ухаалаг бөгөөд хялбараар шийдэх гарц нь энэ машин юм. Анхны туршилтын машиныг хэрэглээндээ зөв ашиглаж чадвал олон газарт суурилуулах боломж нээгдэнэ. Сургуулийн үйл ажиллагаа завсарлахаар хүн ам ихээр төвлөрдөг цэгрүү шилжүүлэн байршуулна хэмээн Хэрлэн сумын засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч М.Шүрэнцэцэг ярилаа.

Түүнчлэн тус сумын удирдлагуудын зүгээс олон нийтийн газар, зах худалдааны төвүүд, томоохон сүлжээ дэлгүүр, автобусны буудал дээр хүртэл байршуулах төлөвлөгөөтэй байна. Гол нь хүмүүс хотын соёлд суралцаж, хогийг хог биш мөнгөний нүдээр харвал үр дүн нь тэр хэрээр гарч, Чингис хот нэг удаагийн хуванцар савнаас ангид байх боломжтой гэж үзэж байна. Гэхдээ үүнд иргэн бүрийн ухамсар, иргэн бүрийн оролцоо хандлага чухал гэдгийг онцолж байна.

Эко машины зах зээлийн үнэлгээ 17.5 сая аж. Хүссэн хэмжээ загвараар хийж болох ба эхний нэг жилийн зардлыг тухайн компани хариуцна. Түүнээс цааш Чингис хот төлөвлөлтдөө оруулаад явна. Цугларсан саваа борлуулах тал дээр орон нутагт хуванцар сав авдаг иргэдтэй хамтран ажиллана гэлээ. 

Холбоотой мэдээ