Улсын хэмжээнд тарьц суулгацын нөөц 56.2 сая байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-05-30 13:03:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд урьдчилсан мэдээгээр улсын хэмжээнд 4 мянга гаруй байгууллага, 25 мянга иргэний оролцоотой 2.6 сая мод шинээр тариад байна. 


Өнгөрсөн дөрөвдүгээр сараас бүх нийтээрээ мод тарих аяныг орон даяар өрнүүлсэн. Аяны явцад нийслэлийн 8 байршилд нийт 198.000 гаруй мод, бут, сөөг шинээр тариад буйг БОАЖЯ-наас өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын ахлах мэргэжилтэн Б.Алтансүх мэдээлэв.


Энэ онд нийслэл, 21 аймгийн хэмжээнд 42.9 сая мод тарихаар төлөвлөжээ. Мөн өмнө нь тарьж ургуулаад буй 17 мянга гаруй модыг арчилжээ.


Тарьж ургуулаад буй 17 мянга гаруй модыг арчилжээ.




Өнөөдрийн байдлаар тарьц суулгацын нөөц улсын хэмжээнд 56.2 сая байгаа бол үрийн нөөц 12.2 тонн байна гэсэн дүн мэдээ гарчээ. Түүнчлэн өнгөрсөн онд ойн хөнөөлт хортон шавжийн голомттой талбай 729 мянган га байсан. Тиймээс энэ онд ойн хортон хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг 185 мянган га талбайд гүйцэтгэхээр төлөвлөн бэлтгэл ажлыг хангаад байна.

Ойн хөнөөлт шавж, өвчний тархалтыг тогтоох судалгааны ажлыг ойн сан бүхий аймгуудад үндсэн 3 баг гүйцэтгэж байна. 

А.Мөнгөнтуяа


Холбоотой мэдээ