СҮХБААТАР: Нүдний үзлэгт 1500 иргэнийг хамрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-05-25 14:20:06

Баруун-Урт /МОНЦАМЭ/. БНСУ, Сүхбаатар аймаг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн 1000 иргэнд нүдний хараа шалгах, зөвлөгөө өгөх, харааны болон хамгаалалтын шил тааруулж өгөх үйл ажиллагаа энэ сарын 21, 22-ны өдрүүдэд боллоо.

БНСУ-ын Yujin Optical төвийн 10 орчим хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг ирж ажилласан бөгөөд үзүүлэх хүсэлтэй иргэд их байсан учир хоёр өдрийн хугацаанд бүтэн үзлэг хийж, нийт 1500 иргэнийг хамрууллаа.

Дээрх бүх үйлчилгээ нь үнэ төлбөргүй байсан бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал болон аймгийн удирдлагуудын санаачилгаар хийсэн тус ажил нь анх 1000 хүнээр төлөвлөгдсөн байсан ч ийнхүү төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ.  


Сүхбаатар аймгийн хувьд тал, хээр нутаг. Салхи шороо ихтэй байдаг учир иргэдийн нүдний эвэрлэг бүрхэвчийн бүдэгшил, нүдний салстын үрэвсэл зонхилон тохиолддог. Нар салхины хамгаалалттай шил зүүх шаардлага ихэнх иргэдэд үүсдэг. Тиймээс энэ удаагийн хүмүүнлэгийн үйл ажиллагаанд маш их олзуурхан, эмч хүнийхээ хувьд сэтгэл хангалуун байгаагийн дээр болдог бол бүх л иргэдээ хамруулахыг хүсэж байна. Ялангуяа сүүлийн үед бага насны хүүхдүүд дэлгэцийн хамаарлаас шалтгаалан нүдний хараа муудах болон бусад эмгэгүүд их илэрч байна. Тэгэхээр яг ийм дагнасан үзлэг үйлчилгээ маш их дүр дүнтэй байдаг гэж АНЭ-ийн нүдний их эмч У.Нармандах хэллээ.

Манай төв иргэдэд нүдний үзлэг хийж, харааг нь шалган шил тааруулж өгөх ажлыг сүүлийн 10 жил тасралтгүй хийж байгаа. Энэ удаад Сүхбаатар аймагтай хамтарсандаа маш их баяртай байна. Нутгийн иргэд олноороо идэвхтэй оролцлоо. Ер нь цаашид ч дахин энэ үзлэгээ хийх шаардлага байгаа нь харагдлаа хэмээн ажлын багийн ахлагч ярилаа.


Иргэдийн хувьд ч энэ удаагийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байлаа. Учир нь хүн бүр эмнэлгийн байгууллага руу зорьж очоод нүдээ үзүүлээд, ямар эрсдэл байгааг тодруулдаггүй. Өөрөөр хэлбэл нүдний урьдчилан сэргийлэх үзлэгт тэр бүр хамрагддаггүй гэдгээ илэрхийлж байсан юм.

 

Холбоотой мэдээ