БАЯНХОНГОР: Гэмт хэрэг, зөрчлийн тоо багасчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-05-24 14:21:37

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газар эхний дөрвөн сард иргэн, хуулийн этгээдээс гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 1415 дуудлага, мэдээлэл хүлээн авч шалгасан нь өмнөх оны мөн үеийнхээс 17.4 хувиар буурчээ. Үүнээс 26.8 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 73.1 хувь нь зөрчлийн шинжтэй гомдол байна.

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн 8.7 хувийг 5 хоногт, 91.2 хувийг 6-19 хоногт, зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийн 98.8 хувийг 5 хоногт тус тус шалгаж шийдвэрлэжээ.

Аймгийн хэмжээнд энэ хугацаанд 140 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11.3 хувиар буурсан дүн аж. Бүртгэгдсэн гэмт хэргийн 57.1 хувь нь Баянхонгор суманд, 42.8 хувь нь бусад суманд үйлдэгдсэн байна. Гэмт хэргийн улмаас 136 иргэн хохирч, үүнээс 57 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 9 нэгжээр буюу 13.6 хувиар буурч, 2 хүн нас барсан нь ижил түвшинд байгаа аж.

Энэ хугацаанд нийт 65 хүн шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 44.9 хувиар буурсан бөгөөд 8 эмэгтэй хүн холбогдон шалгагдсан нь 50 хувиар, 11 хүн урьд ял шийтгэгдсэн нь 68.5 хувиар тус тус буурчээ.

Аймгийн хэмжээнд 11324 зөрчил шалгасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6411 зөрчлөөр буюу 1.3 дахин өссөн дүн юм байна. Мөн хугацаанд 14 хүн эрүүлжүүлэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 96.8 хувиар буурч, 117 иргэн албадан саатуулагдсан нь 4 дахин өссөн байна.

Холбоотой мэдээ