Японы жуулчид “Playtime” фестивалийг үзэх сонирхолтойгоо илэрхийлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-05-15 16:43:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Японы аялал жуулчлалын форум Токио хотод болж байна. Форумаар Японы зах зээлд ажилладаг Монголын аялал жуулчлалын тур оператор компаниудын төлөөлөл Японы аялал жуулчлалын компанийнхантай харилцан мэдээлэл солилцон нүүр тулан уулзаж байгаа юм.


Японы аялал жуулчлалын тур компаниудын төлөөлөл Монголын шөнийн оддыг, говь, хээр тал, нүүдлийн соёл, эвент үйл ажиллагааг сонирхож байгаагаа илэрхийлжээ. Япон улсаас Монгол руу МИАТ, “Аэро Монголиа” зэрэг агаарын тээврийн компаниуд нисэж байгаа ч орон нутгийн нислэг тогтмол болсон эсэх, гэр буудал, кэмп, хоолны үнийн бодит мэдээллийг өгөхийг хүсжээ. Мөн Марс гараг Монголын говь хоёр төстэй тул үзэх, өвлийн улиралд аялах хүсэлтэй иргэд олон байна.


Форумд оролцсон япончууд Монголын орчин үеийн хөгжмийн чиг хандлагатай танилцаж, хип хоп уран бүтээлчид болон амьд хөгжмийн хамтлагийн тоглолтыг Японд урьж тоглуулах, Монголд “Play time” фестиваль очиж үзэх сонирхолтой байгаагаа дурджээ. Түүнчлэн хоёр улсын хөлбөмбөгийн багийн хамтарсан бэлтгэлийг Монгол Улсад хийх, хөлбөмбөгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх сонирхолтой байна.

Манай улс "Монголд зочлох жилүүд"-ийн хүрээнд энэ онд Япон улсаас 100 мянган жуулчин хүлээн авна.


Уулзалтад Монголын талаас БОАЖ-ын сайдын зөвлөх О.Одбаяр, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од, Аялал жуулчлалын хөгжлийн төвийн дарга С.Энхчимэг, МИАТ ТӨХК-ийн Токио дахь төлөөлөгч оролцсон бол Японы талаас НҮБ-ын Япон дахь төлөөлөгчийн газрын Ази, Номхон далайн аялал жуулчлалын бүс нутаг хариуцсан олон улсын хэлтсийн дарга (APTEC) Такехиса Ишизаки, Дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын газраас гадаад зочид хүлээж авах мэргэжилтэн Казутака Ижима, JAL компанийн төлөөлөл оролцож мэдээлэл солилцжээ. 

Холбоотой мэдээ