Хууль бус томилгооноос сэргийлсэн зөвлөмж хүргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2015-10-05 18:32:20

АТГ нийтийн болон төрийн албанд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэр дундаа нийтийн албанд нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлыг хянах, тодорхойлох үйл ажиллагааг хэрэгжүүлж  байна.

Сүүлийн үед Засгийн газар шинээр байгуулагдах, сайд нар өөрчлөгдөх бүрт тухайн яам, агентлагийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орж нийтийн болон төрийн жинхэнэ албан тушаалтныг томилох, чөлөөлөхтэй холбоотой хувь хүний ба улс төр, бизнесийн тодорхой хэсгийн ашиг сонирхол болон намын гишүүнчлэлээр төрийн албанд томилгоо хийх асуудал нэмэгдэх хандлагатай байгаа аж.

Тус газарт иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн 20-25 хувийг ашиг сонирхлын зөрчилтэй, хууль бус томилгооны талаарх асуудал эзэлж байгаа гэнэ. Иймд АТГ-аас хууль бус томилгоо, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Хөдөлмөрийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Сангийн яам, Зам тээврийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар зэрэг төрийн байгууллагад зөвлөмж, чиглэл хүргүүлжээ. 

Б.Туул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд