СЭЛЭНГЭ: Б.Жамсран: Миний хувьд хойч үеэрээ мод тариулсан гэдэг үйлсээрээ бахархаж явдаг

ТЭРБУМ МОД
otgontsetseg@montsame.mn
2023-05-07 12:23:29

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөн ёстой цагаа олсон ажил болж байна хэмээн Улсын мод үржүүлгийн газрын дарга, “Ой, ан төв” үйлдвэрийн газрын даргын албыг хашиж явсан Ойн гавьяат ажилтан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Жамсран гуай өгүүллээ. Түүнтэй цөөн хором хөөрөлдсөнөө хүргэе.


-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөнийг манай аймаг маш өндөр ач холбогдол өгч “Тэрбум мод-Их ажлын эхлэл” хөдөлгөөнийг өрнүүлэн ажиллаж байгаа. Баатар ойжуулагч таны сэтгэгдлийн хуваалцмаар байна?

-“Тэрбум мод” хөдөлгөөн нь ёстой цагаа олсон ажил болж байна. Ойн хомсдол, хөрсний элэгдэл, цөлжилт, үүнийг таслан зогсоох ганц арга бол мод тарих арга юм шүү дээ. Ялангуяа навчит төрлийн модыг цөлжилттэй газруудад тарих учиртай.

Манай аймаг чинь ноднин зөвхөн тэрбум аяны хүрээнд 10 жилийн хугацаатай 20 сая мод тарих, Засаг дарга мөн хэлэхдээ “манай аймаг ургуулагч биш нийлүүлэгч” аймаг болно гэж зарласан. Манай аймаг энэ амлалтаа бүр хэд дахин нугалаад биелүүлсэн байна. Маш сайхан.

Өнөөдөр Сэлэнгэ аймагт мод тарьдаггүй хүн байхгүй болж. Энэ бол ёстой чухал, үнэ цэнтэй сайхан ажил. Нэг мод тарих нэг насны буян, хоёр мод тарихад хойд насны буян гэдэг. Мод тарьж буян хийдэг цаг ирсэн байна шүү дээ.


-Тужийн нарсны нөхөн сэргээлтийг үзэхээр ирэх зочид, аялагчид, туршлага судлахаар ирэх хүмүүсийн цуваа өдөр ирэх бүр улам л нэмэгдсээр байна. Энэ том ажлыг гардан хийсэн хүн бол та. Дурсамаа сөхвөл . . .?

-Тужийн нарс хэд хэдэн удаагийн түймэрт өртсөн. Энэ чинь Сэлэнгэ аймагт төдийгүй Монгол орны ойн санд өвөрмөц тогтоц, бахархал болж, элсэрхэг хөрсний 46.5 мянган га талбайг эзлэн оршдог домогт Тужийн нарсан цогцолбор ой юм. Гурван удаагийн их түймэр, хүмүүний зохисгүй үйл ажиллагаа гээд 70-аад хувь нь сүйрэл мөхөлд өртсөн байсан. Үүнийг сэргээж, нөхөн сэргээх ажил бол миний хариуцаж байсан байгууллагын үндсэн үүрэг даалгавар байсан. Энэ том үүрэг хариуцлагыг би хамт олныхоо /Ой ан төв/ хүчээр гүйцэтгэсэн. Дээр нь 1999 оноос Бугант групптэй хамтарч 13 жил хамт мод тарьсан.

Ингээд 2011 онд манайх 22 сая таримал мод, Бугант групп 16 сая таримал модыг улсын санд хүлээлгэн өгсөн. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд, манай ойжуулалтад ЕБС-ийн ахлах ангийн үе үеийн сурагчид оролцсон. Энэ сайхан нөхөн сэргэсэн таримал нарсан ойг тэдний гараар тарьж ургуулсан юм шүү.

Миний хувьд хойч үеэрээ мод тариулсан гэдэг үйлсээрээ бахархаж явдаг. Үүнийг энэ залуус минь харж, хамгаалж, хайрлаж, харамлаж яваарай л гэж тэдэнд захимаар байна.


-Та амьдралынхаа 50 гаруй жилийг Монгол орны ойн нөөцийг нэмэгдүүлэхэд зориулсан бахархалтай хүн. Мөн үр хүүхдүүдэдээ өөрийн арга барил, эрдэм, чадварыг өвлүүлэн сургасан гэдэг. Одоо өнөөдрийн энэ их үйлсэд хүүхдүүд тань таны залгамж халаа болон оролцож байна уу?

-Тэгэлгүй яахав. Миний том хүү Ж.Гөлгөө 28 жил Тужийн нарсыг ойжуулахад надтай мөр зэрэгцэн ажилласан. Миний дөрвөн хүү бүгд ойн мэргэжилтэй. Удаах хүү Ж.Отгонхүү ойн инженер, Ж.Отгонбаяр байгаль хамгаалагч, эрх зүйч, бага хүү Ж.Отгонбат мөн л ойн инженер мэргэжил эзэмшсэн.  

Нэг мод таривал нэг насны буян, хоёр мод таривал хойд насны буян гэдэг. Нэг мод хоногт 180 л хүчилтөрөгч ялгаруулж, агаарыг хүчилтөрөгчөөр баяжуулдаг. Харин нэг га ой нь жилд 40-100 тн тоосыг өөртөө барьж, 18-20 сая метр куб агаарыг цэвэрлэдэг гайхалтай шидтэй юм шүү дээ.

Мод тарих бол юугаар ч орлуулшгүй буянт ажил.

-Танд баярлалаа.

 

Холбоотой мэдээ