СҮХБААТАР: Орон нутгийн сэтгүүлчдийн тавдугаар форумд 80 гаруй төлөөлөгч оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-05-04 10:02:13

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Орон нутгийн сэтгүүлчдийн “Орон нутгийн хэвлэл мэдээллийн чин хандлага, тулгамдсан асуудлууд” сэдэвт тавдугаар форум Чингис хотод болж байна. Уг форумыг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр, Хэнтий аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд “100 жил 100 сэтгүүлч” уриан дор зохион байгуулж буйгаараа онцлог.

Форумд 19 байгууллагын 80 орчим сэтгүүлч, мэргэжилтнүүд, мөн МСНЭ-ийн удирдлагууд оролцож байна. Оролцогчид орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа, өнөөгийн бодит байдал, ололт амжилтаа ярихын зэрэгцээ тулгамдаж буй гол асуудал, бэрхшээлүүдээ ярилцаж, санал солилцож, цаашид юун дээр анхаарах, шийдвэрлэх арга замыг тодорхойлох нь уг үйл ажиллагааны эхний зорилго. Цаашлаад орон нутгийн сэтгүүлчдийг чадавхжуулах, хамтын ажиллагааг бэхжүүлэх, цахим сэтгүүлзүйн талаар мэдлэг мэдээлэл хүргэх, түүхэн аялал жуулчлалын хөгжил, Хэнтий аймагтай танилцах нь удаах зорилго юм.


Монгол Улсын хэмжээнд 500 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагад 4000 орчим хүн ажиллаж байна. Эдгээрийн 200 орчим нь орон нутагт ажиллаж, амьдарч байгаа тухай мэдээллийг МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар форумыг нээж хэлсэн үгэндээ тодотгов.

Мөн форумын эхэнд Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав аймгийнхаа нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн талаар товч мэдээлэл хийлээ. Энэ онд тус аймагт улсын төсвийн 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 92 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна. Үүний ихэнх нь дэд бүтцийн салбарт өрнөж байна. Түүхт 100 жилийн ойгоо угтаж баяр наадмын талбайгаа бүрэн шинэчилж тохижуулахаас эхлээд шинэ суурьшлын бүс байгуулах зэрэг тохижилтын ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Эдгээр ажлууд нь улс, орон нутгийн төсөв болон иргэд ААНБ-ын хандиваар хийх аж. 2023 онд тус аймгийн 8 сумын 100 жилийн ой тохиож буй аж.


Энэ удаагийн форумыг МСНЭ, Хэнтий аймаг дахь салбар зөвлөл, аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулж байна. Форумын үйл ажиллагаа 5 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Холбоотой мэдээ