ДОРНОД: Түймэрт өртсөн цэргийн алба хаагчдыг Улаанбаатар хот руу тээвэрлэн эмчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-05-03 12:07:36

Чойбалсан /МОНЦАМЭ/. Өнгөрсөн сарын 27-нд Чойбалсан сумын нутагт гарсан түймэр Чулуунхороот, Гурванзагал сумын нутгийг хамраад байна. Хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байсан хилийн цэргийн найман алба хаагч түлэгдэж, Түлэнхийн төвийн эмч нар нисдэг тэргээр газар дээр нь ирж тусламж үзүүлэн, хүнд болон хүндэвтэр зэргийн түлэгдэлд өртсөн дөрвөн хүнийг Улаанбаатар хот руу тээвэрлээд байна. Мөн дунд зэргийн түлэгдэлтэй дөрвөн хүн болон Чойбалсан сумын нутагт гарсан түймэрт түлэгдсэн хоёр хүнийг Дорнод аймгийн БОЭТ-д эмчилж байна. 

Одоогоор Чойбалсан сумын Энгэр шанд, Хөх нуур багийн 25 малчин өрхийн 16 орчим гэр, сууц, 20 хашаа хороо, 1000 орчим мал, Гурванзагал сумын зургаан айлын гэр, сууц, 12 айлын хашаа хороо, 2100 орчим мал түймэрт өртөөд байна гэж мэдээлэв. 

Дорнод аймгийн нийт нутгаар хуурайшилт их байна. Энэ хавар 24 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ. Түймрийн хохирлыг тогтоох ажлын багууд тухайн газар оронд ажиллаж байгаа юм. Тухайлбал, Халхгол сумын нутгийн дийлэнхийг хамарсан томоохон түймэрт 3200 толгой мал шатаж, олон айл гэр орон, хашаа саравчгүй болжээ.



Холбоотой мэдээ