Г.Дамдинням: Арван мянган санал ирснээс багшийн цалингийн асуудал хамгийн олон удаа хөндөгдсөн

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-05-02 11:35:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Г.Дамдинням өнөөдөр Төрийн ордонд Засгийн газраас өргөн барьсан Боловсролын тухай багц хуулийн төслийн үзэл баримтлалын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.


Тэрбээр “Энэхүү хуулийн төсөл нь 4 багц, 52 зүйл бүхий 300 заалттай. Өмнө нь ийм хэмжээний багц хуулийн төсөл орж ирж байгаагүй юм билээ. Хуулийн төсөлд боловсролын салбарыг олон улсын үнэлгээнд 3 жил тутамд хамруулахаар тусгасан.  Мөн тус салбарт ажилладаг хүн алга болсон, эсвэл хамгийн бага оноо авсан сурагч багш мэргэжлийг сонгож байна. Энэхүү хуулийн төслөөр хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байхад 10 гаруй мянган санал ирсний хамгийн олон удаа хөндөгдсөн асуудал бол багшийн цалин, түүний дараа тэтгэврийн насыг бууруулах тухай асуудал байсан. Иймд цалингийн өсөлтийн асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх замаар шийдэлд хүрнэ гэж үзэж байна.


Багш болон сургуулийн орчинд ажиллаж буй ажилтнуудыг дэмжих хүрээнд өрхийн нэг хүүхдийг улсын сургуульд үнэ төлбөргүй сургах, элдэв нэмэлт ажил оноодог байдлыг таслан зогсоох, хэрэв энэхүү заалтыг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн хуулийг үндэслэн тухайн албан тушаалтанд хариуцлага тооцдог болно. Түүнчлэн цахимаар авч буй боловсролыг жинхэнэ боловсролд хамрагдсанд тооцох юм. Одоогийн байдлаар medlee.mn сайтаас суралцагчид мэдлэг авч буй. Үүний зэрэгцээ англи хэлийг нэн тэргүүнд авч үзнэ. Ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдийн сурах эрхийг хуулиар нарийвчлан тогтоож, сургууль цэцэрлэгийн стандартыг хатуу мөрдүүлж, нийт хүүхдүүдтэй адил орчинд сургана. Тэдгээр хүүхдүүдийн боловсролд олгож буй хувьсах зардлыг илүүтэйгээр бодож олгох ба хөдөөгийн боловсролын чанарыг сайжруулах хүрээнд хувьсах болон тогтмол зардлыг төвөөс алслагдсан байдлаас хамаарч өндрөөр тогтооно. 

Багш мэргэжлээр өндөр оноотой элсэж буй оюутнуудын сургалтын төлбөрийг улсаас даах, их дээд сургуулиа амжилттай төгссөн тухайн чиглэлийн боловсон хүчинд өндөр цалин олгох, бие даан сурч дадлагажих боломжийг нь нэмэгдүүлэх, төрийн аливаа урамшуулал дэмждэгт хамгийн эхэнд хамрагдах, боловсролын хөтөлбөр тогтвортой байх зэрэг заалтыг хуулийн төсөлд тусгасан.

Төр хувийн хэвшлийн сургуулийн асуудал өнөөдөр хамгийн ихээр хөндөгддөг. Хувьсах зардлыг хүүхдүүдийнх нь тоогоор гэрээн дээр суурилж өгнө. Ингэхдээ үндэсний боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж буй сургуульд уг зардлыг олгох юм" гэлээ. 

Холбоотой мэдээ