Таиланд улс Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар Хятадыг дэмжив

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-09-07 17:27:32

БАНГКОК. /TASS/. Өмнөд Хятадын тэнгист энх тайван, тогтвортой байдлыг хангахын тулд БНХАУ-ын гаргаж буй хүчин чармайлтыг Таиланд улс дэмжиж байна гэж тус улсын засгийн газрын төлөөлөгч Вирачон Сукхонтапатипак өнөөдөр мэдэгдлээ. Тэрбээр АСЕАН-ы Дээд хэмжээний уулзалтын үеэр ийм мэдэгдэл хийжээ.

Тэрбээр хэлэхдээ “энэ бүс нутагт энх тайван, тогвортой байдлыг хангах нь бүх талуудад чухал ач холбогдолтой бөгөөд асуудлыг хамтаараа хэлэлцэх нь үл итгэлцлийг багасна” гэж онцлон тэмдэглэсэн байна.  

Өмнө нь Таиланд улс Өмнөд Хятадын тэнгист үүсээд буй маргаантай асуудалд холбоотой талуудын алийг нь ч ил тодоор дэмждэггүй байсан юм. АСЕАН-ы гишүүн орнууд болох Бруней, Вьетнам, Малайз болон Филиппин нь Параселийн болон Спратлийн бүлэг арлуудын эзэмшлийн тал дээр БНХАУ-тай маргаан үүсгээд байгаа билээ.

Зөрчлийн гол шалтгаан нь Малаккийн хоолойн орчимд хяналтаа тогтоох гэсэн оролдлоготой холбоотой аж. Энэ хоолойгоор Хятадын бараа бүтээгдэхүүний 60 орчим хувь, тус улсын худалдан авдаг газрын тосны 80 хувийг тээвэрлэдэг байна.

Лаосын нийслэл Вьентян хотод болж буй АСЕАН-ы Дээд хэмжээний уулзалтын хоёрдахь өдрийн хуралдаан эхлэхийн өмнөхөн Филиппиний төлөөлөгчид нэгэн гэрэл зургийг тараасан байна. Уг гэрэл зурагт Хятадын тээврийн болон эргийн хамгаалалтын хөлөг онгоцууд Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай бүсэд олноороо хүрэлцэн ирсэн нь харагдана.

Үүнтэй холбогдуулан Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянд хандан, гэрэл зураг дээр байгаа хөлөг онгоцууд ямар учиртай болохыг асуух бодолтой байгаа аж.

Х.Сарнай 


 

Холбоотой мэдээ