ӨВӨРХАНГАЙ: О.Пүрэвдорж: Багийн ИНХ-ыг цахим, танхим хослуулж зохион байгуулбал иргэдийн оролцоо нэмэгдэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-04-27 10:39:27

Арвайхээр /МОНЦАМЭ/. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга О.Пүрэвдоржтой ярилцлаа.

 

-    Нутгийн өөрөө удирдах хамгийн дээд байгууллага бол тухайн нутаг дэвсгэрийн ИТХ байдаг. 1992 онд анхны шаваа тавьсан энэ байгууллагын талаар иргэд, олон нийтийн ойлголт одоо ч тааруу байдаг гэвэл та санал нийлэх үү?

-    1992 онд ардчилсан үндсэн хууль батлагдаад Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг баталж, Монголын ард түмэн төрийнхөө үйл хэрэгт төлөөллийн зарчмаар оролцох хууль, эрх зүйн боломж бүрдсэн. Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойг 2022 онд тэмдэглэн өнгөрүүлсэн. Энэ 30 жилийн хугацаанд Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагатай холбоотой сайн зүйл их байна, дутагдал ч бас байна. Иргэд, сонгогчидтой уулзаад явж байхад ИТХ хэмээх байгууллагын талаар ойлголт муутай байдаг нь үнэн.

Тийм учраас бид ИТХ-ын чиг үүргийн талаар иргэд, олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд илүү анхаарч ажиллаж байгаа. Иргэдийн Хурлын байгууллага бол үндсэн хоёр чиг үүрэгтэй ажилладаг. Нэгдүгээрт, тухайн орон нутгийнхаа дунд болон урт хугацааны бодлогын бичиг баримтыг Монгол Улсын хөгжлийн баримт бичиг, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй уялдуулан иргэдээс гарсан саналыг тусган тодорхойлж баталдаг. Хоёрдугаарт, бодлогын бичиг баримтыг батлаад орхих биш, түүний хэрэгжилтэд хяналт тавьдаг байгууллага юм.


-ИТХ нь бүтэц, зохион байгуулалтын хувьд ч нэлээн өөрчлөлт орсон. Тэргүүлэгчид гэж байхаа больсон. Энэ нь хөрсөн дээрээ хэр хийцтэй байна вэ?

-    Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор бүх шатны Хурлын байгууллагын үйл ажиллагаанд мөн өөрчлөлт орсон. Тухайлбал, “Тэргүүлэгч” гэх бүтэц байхгүй болж, оронд нь хуралдааны бэлтгэл хангах, шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий таваас долоо хүртэл төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй орон тооны бус Зөвлөл гэж бий болсон. Зөвлөлийн хурлаас ямар нэг шийдвэр гарахгүй.


Мөн багийн ИНХ нь орон тооны даргатай байсан бол даргагүй болж байна. Багийн ИТХ-ын ирцийн босго орон нутгийн онцлогт тааруулаад харьцангүй уян байсан бол өндөр болсон. Түүнчлэн “Төрийн хэмнэлтийн хууль” гэж баталсан. Энэ хуулиар сумдын ИТХ-ын дарга нар автомашин унах эрхгүй, шатахууны зардалгүй болсон.

Хуулийн энэ нэмэлт өөрчлөлтүүд нь бүх шатны ИТХ-ын байгууллагын чиг үүргийг хумьсан, амьдралд нийцэхгүй заалт гэж миний хувьд үзэж байгаа. Сумын иргэдийн Хурлын дарга, Засаг дарга гэдэг нэг зоосны хоёр тал. Хоёулаа л сумын удирдлага. Хоёулаа л сум, орон нутаг, иргэдийнхээ өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдэхээр явж байгаа албан тушаалтнууд. Хурлын байгууллага бодлогын баримт бичгээ батлаад гүйцэтгэх засаглалдаа хяналт тавьж ажиллах ёстой бол одоо бодит амьдрал дээр сумын ИТХ-ын дарга нь Тамгын газраасаа автомашин, бензин гуйх нөхцөл үүсэж байна.


Тэгэхээр цаашдаа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн нутгийн өөрөө удирдах байгууллагатай холбоотой нэмэлт өөрчлөлтийг эргэж харахгүй бол ард иргэд төлөөллийнхөө байгууллагаар дамжуулан төрийн бодлого, шийдвэрт оролцох эрх нэг талаар хумигдаж байна гэж ойлгож байгаа.


-    Сумдын дарга нарыг “Том унаа унах ёсгүй, шаардлагатай бол шатахуун бага зарцуулдаг жижиг машинтай бай” гэсэн шүүмж сошиалд үе үе тавигддаг. Үүнийг ажил, амьдралд хэрэгжүүлэх боломж бий юу?

-     Монгол Улс засаг захиргаа, нутаг дэвсгэр нэгжийн хувьд тархмал, өргөн уудам нутаг дэвсгэртэй. Манай Өвөрхангай аймаг 19 сумтай. Сум бүр 4-13 багтай. Говийн сумдын багууд алслагдмал оршдог. Тэгэхээр сумдын дарга нар туулах чадвар сайтай машинтай байж л иргэдтэйгээ очиж уулзаж, санал бодлыг нь сонсон, төрийн үйлчилгээг хүргэнэ шүү дээ. Сүүлийн жилүүдэд манай малчид отор нүүдлээр их явж байна. 2020 онд хоёр мянгаад малчин өрх гадны аймагт отроор өвөлжиж, хаваржсан бол энэ жил 800 гаруй малчин өрх бусад 14 аймгийн 80 гаруй суманд оторлож явна.

Отроор яваа малчид маань ядрах зутрах, хөөгдөх, нялх нойтон эсвэл өндөр настай хүмүүстэй явах гэхчлэн олон асуудал байдаг. Энэ болгонд сумын удирдлагууд л араас нь очиж уулздаг. Зарим үед эмч, сувилагч аваачиж анхан шатны үзлэг, оношилгоог хийлгэнэ. Ийм учраас туулах чадвартай, сайн автомашинтай байж төрийн ажлыг амжуулна гэдгийг зарим иргэд зөвөөр ойлгох хэрэгтэй.


-     Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн мэдлэг чадавх, идэвх зүтгэлийн талаар та юу хэлэх вэ? Сайн Төлөөлөгчид олон байдаг ч ганц үг ганхийхгүй байсаар бүрэн эрхээ дуусгадаг Төлөөлөгч ч байна?

-    Хуралд нийт 41 төлөөлөгч ажиллаж байгаагийн ихэнх нь харьцангүй чадавхтай, орон нутгийнхаа ажил, амьдралыг мэддэг, төрийн албаны дадлага туршлагатай, өмнө нь аймгийн ИТХ-д тойргоосоо олон удаа сонгогдсон хүмүүс байдаг. Дээд тал нь аймгийн ИТХ-д таван удаа сонгогдсон Төлөөлөгч байна. Сумдын ИТХ-д 400 гаруй төлөөлөгч сонгогдон орон нутгийнхаа бодлогыг боловсруулах ажилд гар бие оролцож байна.


Нуулгүй хэлэхэд Төлөөлөгчдийн маань дунд 30 жилийн турш хэвшил болоод тогтчихсон нийтлэг учир дутагдалтай зүйл бас байдаг. Тэр юу вэ гэхээр, аймаг, сумынхаа Засаг дарга түүний Тамгын газраас өргөн барьж байгаа баримт бичгийн төслийг л нэмэхийг нь нэмж, хасахыг нь хасаад гар өргөж баталдаг. Уг нь өөрийнхөө тойрогт тулгамдаж байгаа асуудлыг өөрөө олж хараад бодлогоо боловсруулаад Хурлаараа хэлэлцүүлээд шийдвэрлээд явах бүрэн эрхтэй шүү дээ. Гэвч тийм санаачилга дутдаг юм уу гэж хардаг.


Нөгөө талдаа Төлөөлөгчид өөрсдөө мэдлэг мэдээлэл, чадавх сайтай байж амьдралд хэрэгжих боломжтой бодлогын баримт бичиг батална. Энэ хүрээнд аймгийн ИТХ-ын Ажлын албанаас УИХ-д хэрэгжиж байгаа төслүүд, Олон улсын байгууллагуудад санал тавьж, шат, шатны иргэдийн Хурлын Төлөөлөгчдийг чадавхжуулах ажлыг тасралтгүй зохион байгуулж байна.

Жишээ нь, 2022 оны 10 дугаар сард Төлөөлөгчдийг гурван ээлжээр вакуумжуулсан сургалтад хамруулсан. Энэ үеэр сумдын ИТХ-ын сайн туршлага болохуйц ажлыг танилцуулж ярилцсан. Тэндээс харж байхад сумдын ИТХ-ын Төлөөлөгчид тойргийнхоо асуудлаар Засаг даргадаа асуулга тавьдаг, Засаг дарга нь эргээд тайлагнадаг жишиг тогтож байна. Мөн ихэнх суманд “Төлөөлөгчийн өдөр”-ийг зохион байгуулж хэвшсэн зэрэг сайн ажлууд бий.



-    Төлөөлөгчдийг тойрогтоо ажиллах зохицуулалт гэж байдаг болов уу? Тухайлбал, санхүүгийн дэмжлэг, урамшуулал олгох ч гэдэг юмуу?

-    2021 оны 10 дугаар сард Засгийн газраас шат шатны ИТХ-ын Төлөөлөгчдийг урамшуулалтай, үйл ажиллагааны зардалтай болгох, үүнийг орон нутгийн төсөвт суулгах тогтоолыг гаргасан юм. Энэ хүрээнд 2022 онд аймаг,, сумын Төлөөлөгчдийг тойрогтоо ажиллахад нь тодорхой зардлыг шийдвэрлэсэн. Харамсалтай нь Төрийн хэмнэлтийн тухай хуулиар энэ тогтоол 2023 оноос хүчингүй болсон. Гэсэн ч аймгийн ИТХ-аас Төлөөлөгчийг тойрогтоо ажиллаж, иргэдтэйгээ уулзах үед нь дэмжлэг, туслалцааг үзүүлж, хамтарч ажиллана.


-   Багийн иргэдийн Нийтийн хуралд зөвхөн ахмадууд суудаг, залуучуудын дуу хоолой төрд хүрдэггүй гэх шүүмжлэл бий. Залуучуудын оролцоог яаж хангах вэ? Мөн таны хувьд багийн Хурлуудад сайн оролцдог. Иргэдийн санал хүсэлтээс ямар асуудлыг олж харж байна вэ?

-    Багийн иргэдийн Нийтийн хурал нь тухайн сумын ахмадын хорооны хурал болж байгаа юм шиг өнгөрдөг нь бодит үнэн. Тэгсэн хэрнээ багийн ИНХ-аар дамжуулан өвс тэжээл олгох, хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал шийдэх үед залуучуудын ирц өндөр харагддаг.

   

Тэгэхээр цаашдаа багийн Хурлын арга хэлбэрийг өөрчилж, цахим, танхим хосолсон байдлаар зохион байгуулах юм бол ахмадууд нь танхимаараа, залуучууд нь цахимаар оролцож, илүү хүртээмжтэй байдлаар санал хүсэлтийг нь сонсох боломж бүрдэнэ.


Миний хувьд сумдаар сайн ажиллая, багуудын ИНХ-д оролцъё гэсэн зорилттой байдаг. Өнгөрөгч оны сүүлээр, мөн шинэ он гарсаар хөдөө сумдад нэлээн ажиллалаа. Нийтлэг ажиглагдаж байгаа зүйл гэвэл сумд боловсон хүчний дутагдалд орчихсон байна. Ялангуяа, говийн сумдад эмч, сувилагч маш хангалтгүй байгаа. Сургуулиуд нь багшгүй, сурагчгүй болох нь. Сумдын ЗДТГ-т ажиллах төрийн албан хаагч олдохгүй байна. Ер нь цаашдаа Төрийн хэмнэлтийн хууль, Нэгжийн хуультай холбоотойгоор суманд удирдлагаар ажиллах ч хүн олдохгүй болох төлөвтэй байна. Тэгэхээр суманд ажиллах боловсон хүчний орон байр, цалин хангамж, нийгмийн асуудлыг сайтар шийдвэрлэж өгч байж, тэнд хүн ажиллана.



Зөвхөн төрийн албан хаагч гэлтгүй, залуу малчдын залгамж халаа тасарч байна. Уг нь залуучууд мал маллаад сайхан амьдрах боломж хөдөөд бий. Төв суурин газрын залуучууд цалингийн зээлтэй, автомашин, байр орон сууц лизингтэй, өрнөөс өрний хооронд амьдарч байхад чанартай, сайн малтай малчин залуус өөрөө элбэг хангалуун амьдраад зогсохгүй, бусдыг малжуулж, амьдрал ахуйг нь тэтгэж явна. Гэтэл малчин залууст эхнэр олдохгүйгээс шалтгаалж мөн л төв суурин газрыг бараадаж байна. Энэ бол дээд боловсролын буруу тогтолцооны сөрөг нөлөө юм. Охин хүүхдүүдээ их, дээд сургуульд бөөн өр төлбөр тавиад сургадаг. Хүүхдүүд нь хөдөлмөрийн зах зээлд илүүдэлтэй байгаа мэргэжлээр сурч төгсөөд төв газарт ажлын байргүй, диплом сугавчилсан ажилгүйчүүдын тоог нэмдэг л болохоос эргээд хөдөө амьдардаггүй. Дээд боловсролтой л бол сайхан амьдардаг юм биш, харин хөдөлмөрлөсөн хүн боловсролгүй байсан ч амьдралд хүрнэ гэдгийг энэ зах зээлийн нийгэм батлаад байна шүү дээ.


Мөн хүүхдийг 6 настайд нь сургуульд оруулдгийг малчид их буруушаадаг. Үүний ард олон сөрөг үр дагавар гардаг юм билээ. Малчин айлд очиход гэрийн эзэн нь ганцаараа малаа хариулаад хүйтэн гэртээ сууж байдаг. Эхнэр нь 6 настай хүүхдээ сургуульд нь зөөх гээд төвд амьдарч байгаа гэдэг. Үүнээс болж гэр бүл их салж байна.


Энэ тогтолцоо бол нүүдэлчин амьралын хэв маягтай монголчуудад тохирохгүй шийдвэр юм. Кембрижийн хөтөлбөр ч гэдэг юм уу, гадны улс оронд хэрэгждэг тогтолцоог Монголд шууд нэвтрүүлэх боломжгүй гэж би хардаг. Энэ мэтчилэн өөрчлөх, шинэчлэх, иргэдэд ойлгуулах шаардлагатай олон асуудал байна.


-  Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын үр дүнгээс товч танилцуулаач?

-    Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил нь тухайн сумынхаа хүү, торгуулын орлогын 40 хувиар санхүүжих хуультай. Гэвч сумд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд бага санхүүжилт төсөвлөдөг байсан. Тиймээс хуулийг хэрэгжүүлж ажиллах талаар сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нарт үүрэг чиглэл өгч ажилласнаар санхүүгийн тодорхой эх үүсвэртэй болж байна. Тухайлбал, Хархорин сум гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд 5 сая төгрөг төсөвлөдөг байснаас 40 сая, Арвайхээр сум 15 сая төгрөг төсөвлөдөг байснаа 80 сая болгох жишээний. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд төсөв суулгаж өгснөөр иргэдийн эрхзүйн боловсролыг дээшлүүлэх, хандлагыг өөрчлөхөд чиглэсэн ажлуудыг хийх, мөн төв суурин газрыг камержуулах боломж бүрдэнэ.

Аймгийн хэмжээнд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн үндсэн шалтгаан бол архидалт. Архидалтаас болж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байна, архинаас болж зам, тээврийн осол гэмтэл гарч байна. Энэ тал дээр “АА” буюу “Архичид аминчлахуй” гээд төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж, болж өгвөл нэг суманд нэг бүлэг шинээр байгуулчихья гэж зорьж байгаа. “АА бүлэг” идэвхтэй сайн ажилладаг сумд бий. Тухайлбал, Бат-Өлзий суманд хоёр ч бүлэг ажилладгийн нэг нь 10 жилийн ойгоо тэмдэглэж байна. Цаашлаад Хархорин, Хужирт, Сант, Хайрхандулаан суманд энэ бүлгийг байгуулах бодолтой байна.


Манай иргэд энэ бүлгийн талаар сайн ойлголтгүй байдаг. “Бүр болохоо байчихсан хүн энэ бүлэгт хамрагддаг, ичиж байна, санаа зовж байна” гээд байдаг юм. Би ИТХ-ын даргын хувиар ч, хувь хүнийхээ үүднээс ч “АА” бүлгийн уулзалтад оролцож, гишүүдийнх нь санал бодлыг нь сонсож ярилцдаг. Архины хамааралд орж, гэр бүлгүй, орон байргүй, ажил төрөлгүй болсон ч энэ байдлаа ухаараад, өөрийгөө ялан дийлсэн баатрууд тэнд байдаг гэж боддог юм. Архи амсахаа байгаад дээд тал нь 17-18 жил болсон хүн ч “АА” бүлэгт байна. Архины хамааралтай болсон хүний ард гэр бүл, аав ээж, хамаатан садан, ах дүүс, найз нөхөд гээд олон хүн давхар зовж шаналж байдаг. Гэтэл энэ бүлэгт идэвхтэй хамрагдсанаараа архины хамаарлаас гарч, эргээд ажил амьдралаа олж чадаж байна.

 

Цаашид аймгийн ИТХ-аас ямар асуудлаар бодлого, шийдвэрүүдийг гаргах ёстой гэж та үзэж байна?

-   Бид бүхний өмнө тулгамдаж байгаа том асуудал бол Арвайхээр хотын агаарын бохирдол. Бодит байдал дээр гамшгийн түвшинд хүрчихсэн байгааг бид бүгд мэднэ. Аймгийн төвийн обьектуудын 40 гаруй уурын зуух, гэр хорооллын 8 мянга гаруй айл өрхийн яндангаас гарч байгаа утаа энэ агаарын бохирдлыг бүрдүүлдэг. Үүнийг шийдвэрлэхийн тулд гадны зээл тусламжаар дулааны станц барих ажлыг эхлүүлчихлээ. Мөн Баянтээгийн нүүрсний уурхайг түшиглээд сайжруулсан түлшний үйлдвэр барьж, хоёр жил Арвайхээрийн 5, 6 багт шахмал түлш нийлүүлсэн.


Манай Баянтээгийн нүүрс илчлэг маш өндөр. Бусад уурхайн нүүрс 3000-3500 ккал/кг байхад Баянтээгийн нүүрс 5700-7200 ккал/кг илчлэгтэй учраас иргэд маань илчлэг сайтайй нүүрс түлээд сурчихсан гэсэн үг. Тийм болохоор шахмал түлшний илчлэгийг голоод байдаг юм. Гэвч агаарын бохирдлоо бууруулахын тулд гэр хорооллын айл өрх бүрийн хэрэглээнд шахмал түлш нийлүүлэх арга хэмжээг зайлшгүй авна.

 

-    Бид агаарын бохирдлоо шийдэж чадвал Арвайхээр хотын хүн ам өсөх юм. Хүн ам өсвөл эдийн засаг тэлж, үйлчилгээний орлого ашиг нэмэгдэнэ.

-    Хоёрдугаарт, Монгол Улсын Засгийн газраас аймгуудыг төсвөө өөрөө бүрдүүлэх үүрэг чиглэл өгч байгаа. Одоогоор улсын хэмжээнд зургаан аймаг төсвөө өөрөө бүрдүүлдэг. Өмнөговь, Дорноговь, Дорнод гэхчлэн хилтэй, газрын тостой, нүүрсний ордтой аймгууд төсвөө өөрөө бүрдүүлж байна. Харин Өвөрхангай аймаг улсаас татаас авдаг аймгуудын нэг. Тиймээс цаашдаа манай аймаг өөрийн эдийн засгаа бүрдүүлдэг байхын тулд стратегийн ач холбогдолтой төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. Энэ хүрээнд Чойр – Мандалговь - Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто зам барих, Тээвэр логистикийн төв байгуулах, “Орхон-Онги” төсөл зэрэг хэд хэдэн томоохон ажил яригдаж байгаа. Мөн “Шинэ Хархорин” хот байгуулах ажил яригдаж эхэлсэн. Үүнийг дагаад зах зээлийн, хөгжлийн олон боломжууд нээгдэнэ.



    Гуравдугаарт, хөдөө аж ахуй, тэр дотроо мал аж ахуйгаа хаяж болохгүй. Өвөрхангай аймаг жилд 670 орчим тэрбум төгрөгийн дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагийн 230 гаруй тэрбум нь хөдөө аж ахуйн салбараас бүрддэг. Үүнийг яаж нэмэгдүүлэх вэ гэдэгт анхаарах ёстой. Хөдөөгүүр явж байхад сааль сүү ховордсон байна. Говийн ямааны ааруул, ингэний ааруулыг бараг хийхээ байж. Уг нь хийвэл зах зээл нь байгаад байна шүү дээ.

Мөн газар тариалангийн салбараа хөгжүүлэх, малчид маань малынхаа тэжээлийг тариалдаг, төв суурин газрын айл өрхүүд төмс, хүнсний ногоогоо тарьчихдаг байх нь чухал юм.


Энэ хүрээнд аймгийн ИТХ-аас 2023 оныг “Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх жил” болгон зарласан. Өвөрхангайхан хүнсний дутагдалд орчихоод байгаа юм биш, харин өөрсдөө тарьж ургуулах, үйлдвэрлэх хэрэгцээ, шаардлага байгаа нь хил хаалттай энэ үед илүү харагдаж байна.


Социализмын үед Өвөрхангай аймаг туслах аж ахуйгаа сайн хөгжүүлсэн байдаг. Булга, тахиа, гахайны аж ахуйтай, сүү цагаан идээгээ боловсруулдаг үйлдвэртэй байсан. Гэтэл өнөөдөр жилийн дөрвөн улиралд шимийн сүү хэрэглэе гэхээр үнээний фермер алга, өдөр бүр шинэ өндөг аваад идье гэхээр тахианы аж ахуй хөгжөөгүй байна. Ресторан, худалдааны төвүүд аймгаас биш гаднаас нарийн ногоо, хүнсний ногоог авчирч борлуулж байна. Энэ бүхнийг аймагтаа бий болгоё, эх үүсвэрийг нь тавья гэх зорилгоор л “Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх жил” болгон зарласан гэж ойлгох хэрэгтэй.


-   Иргэдийн төрдөө итгэх итгэл суларч байна. Төрийн алба ч чадавхгүй болж байна. Энэ байдлыг засаж сайжруулахын тулд юу хийх ёстой вэ?

-    Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хэсэг, бүлэг хүмүүсээс болж төрийн албаны нэр хүнд унаж, сайн муугаар хэлүүлж байна. Үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газар, УИХ-ын гишүүдтэй холбоотой асуудал шүү дээ. Харин сүүлийн үед бугшмал, хаагдмал байсан олон асуудлыг илчилж байгаа учраас цаашдаа Монголын улс төр цэвэршинэ гэдэгт итгэлтэй байдаг.

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулсан нэмэлт заалтыг би маш зөв гэж бодож байгаа. Улс төрд нөлөө бүхий албан тушаалтан ямар нэг байдлаар авлига, албан тушаалын хэрэгт холбогдвол 12-20 жилийн ял авна. Тэр хүнд хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэхгүй, Ерөнхийлөгчийн өршөөлөөр гарахгүй. 


Улстөрч хүн бол эрх ашгийн эрэмбэ дарааллаа маш сайн мэддэг, ямар ч тохиолдолд төрийн ажлыг, аймаг орон нутгийн ажлыг, ард түмнээ нэгд тавьдаг, түүний төлөө шийдвэр гаргаж чаддаг, ашиг сонирхлын зөрчилгүй, эд хөрөнгө мөнгөний сонирхолгүй хүмүүс байх ёстой.


Нөгөө талдаа бизнесмэн биш, цэвэр төрийн хүн байх ёстой. Монголын улс төрд бизнесийн нөлөө асар их орж ирж байгаагаас шалтгаалж нэр хүнд нь унаж байгаа юм. Том, том бизнестэй, маш их ашиг орлоготой хүмүүс яагаад улс төр сонирхоод байдаг юм бэ? Тэнд ямар ашиг сонирхол байгаа юм. Тэгэхээр энэ байдлыг иргэд, сонгогчид маань маш сайн ойлгож, ялгаж авч үздэг байх хэрэгтэй.

-     Ярилцсанд баярлалаа. 

 

 

Холбоотой мэдээ