ЗАВХАН: Нэгэн зууны түүхийг өгүүлсэн таван ботийг хэвлүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай/МОНЦАМЭ/. Тус аймаг түүхэн 100 жилийн ойдоо
зориулан нэгэн зууны түүхээ таван боть болгон хэвлүүлнэ.
"Завхан аймгийн түүх" таван боть зохиол бичих
ажлын хэсэг болон аймгийн 100 жилийн ойн "Судалгаа, эрдэм шинжилгээний
салбар хороо"-ны мэдээлэл солилцох уулзалт боллоо.
Тус аймгийн нэгэн зууны түүхийг таван боть зохиол болгон
бичих судалгаа, эрдэм шинжилгээний ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Ирэх
сарын нэгэн гэхэд редакцийн комисст шилжүүлэх юм.
Энэхүү таван ботид аймгийн хүн ам, газар нутаг, байгалийн
онцлог түүх, түүхийн болон дурсгалт газрууд, салбар бүрийн 100 жилийн ололт
амжилт, алдаа гээд бүхий л салбарыг багтаасан түүхийн архив болоод, цогц бүтээл
болох юм. Олон эх сурвалжаас шүүн тунгааж, эмхэтгэх ажлыг тус аймгаас төрөн
гарсан салбар бүрийн эрдэмтэн докторууд, судлаачид, зохиолч, сэтгүүлч нар хамтран хийж
байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
"Судалгаа, эрдэм шинжилгээний салбар хороо"-ны хувьд анхны ажлаа нэгдүгээр сард "Завхан-100 Хөгжлийн бодлого, төлөвлөлт" эрдэм шинжилгээний хурлаар эхлүүлсэн юм. Тус салбар хороо нь 100 жилийн ойн хүрээнд 15 ажил, арга хэмжээ болон эрдэм шинжилгээний хурал, ном бүтээх ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж буй юм.