ЗАВХАН: Малчдын хүүхдүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймгийн таван сумын малчдын хүүхдүүдэд эрүүл ахуйн багц, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг дэмжлэг болгон өгчээ.
Тодруулбал, Хүүхдийг Ивээх Сан хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөрийг зудад өртсөн орон нутгийн малчдын хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах зорилгоор Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа аж.
Энэхүү төслийн хүрээнд Завхан аймгийн Баянтэс, Тэс, Их-Уул, Нөмрөг,
Цагаанчулуут сумын малчдын хүүхдүүдэд эрүүл ахуйн багц, дотуур байруудад боловсролын
багц, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн. Мөн зөөлөн эдлэл, анхны тусламжийн багц өгч,
амьжиргааны түвшнээс доогуур орлоготой зорилтот бүлгийн хүүхдүүдэд дулаан
гутлаар тусалжээ. Тусламжийн багцуудыг өнөөдөр Завхан аймгийн Улиастай хотод сумуудын
сургуулийн захирал, төлөөллүүдэд гардуулан өглөө.
Мөн төслийн хүрээнд Говь-Алтай аймгийн Жаргалан, Тонхил, Бугат, Алтай,
Дарив, Ховд аймгийн Чандмань, Мөст, Дарви, Буянт, Дуут зэрэг 15 сумын малчдын
хүүхдүүдэд тусламж өгсөн байна.
Эдгээр 15 сумын дотуур байранд амьдардаг малчны 1030
хүүхэд болон сумын төвийн айлд болон бие
даан амьдардаг малчны 644 хүүхдэд эрүүл
ахуйн багц, сэтгэл зүйн анхны тусламжийн гарын авлагын хамт өгсөн юм.
Эрүүл ахуйн багцад саван, алчуур, шампунь, оо, сойз, мөн охидын ариун цэврийн хэрэгсэл зэрэг зүйлүүд багтсан байна. Зуд болсон ихэнх сум өвлийн улиралд хүйтэн тул малчдын хүүхдүүдэд дулаан гутал хэрэгцээтэй байдаг. Хүмүүнлэгийн тусламжаар олон ам бүлтэй айлын хүүхдүүд, өнчин, хагас өнчин, амьжиргааны түвшнээс доогуур орлоготой зорилтот бүлгийн 300 хүүхдэд дулаан гутал өглөө. Мөн 15 сумын дотуур байр тус бүрд 400 ширхэг зөөлөн эдлэл буюу хөнжил, гудас, цагаан хэрэгсэл зэрэг зүйлүүдээр туслалаа.
Хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөрөөр мөн 15 сургуулийн дотуур байрын хүүхдүүдэд зориулсан ном, тоглоом зэрэг зүйлсээс бүрдсэн боловсролын багц өгсөн юм. Эдгээр газруудад хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийн тусламжийг мөн үзүүлэв. Үүнээс гадна анхны тусламжийн үед шаардлагатай боолт, шархны наалт, гурвалжин алчуур, халдваргүйжүүлэх уусмал, шарх халдваргүйжүүлэх тос зэрэг зүйлсээс бүрдсэн анхны тусламжийн багцыг дотуур байруудад өгсөн гэж Хүүхдийг ивээх сангийн Завхан салбарын зохицуулагч П.Дөлгөөн мэдээлэв.
Ташрамд өнгөрсөн 2022-2023 оны өвөл Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд өвөлжилт хүндэрч, олон мянган мал хорогдсон байна.
Зарим газар өвөл шөнөдөө -51, өдөртөө -37 хэм хүртэл хүйтэрч, малын бэлчээр, хашаа 40-50 см цасанд дарагдаж, олон тооны мал хорогдсон. Тиймээс Хүүхдийг Ивээх Сан Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр зудад өртсөн малчин өрхийн хүүхдүүдэд зориулсан хүмүүнлэгийн төслийг зорилт аймгуудад хэрэгжүүлсэн ажээ.