ЗАВХАН: Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн саналыг дэмжихгүй байхаар шийдвэрлэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймгийн ИТХ-ын зөвлөлийн хурлаас ашигт малтмалын хайгуулын тусгай
зөвшөөрлийг олгохгүй байхаар шийдвэрлэжээ.
Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын зөвлөл
хуралдаж, Завхан аймагт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлд санал өгөх
тухай асуудлыг авч хэлэлцсэн.
Ашигт малтмал, газрын тосны газраас 2023 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 10/1053 албан тоотоор Завхан аймгийн нутагт 536686.37 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжтой тухай аймгийн Засаг даргад санал ирүүлжээ.
Уг албан тоотод хавсаргасан талбайн зураг, талбайн
солбилцлын зургаар, Ургамал, Асгат сумаас бусад бүх сумын нутаг хамрагдсан
байна. Завхан аймагт өнөөдрийн байдлаар, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл 13
байгаа бол хайгуулын 20 зөвшөөрөл байна. Тиймээс хуулийн хугацаанд сумд ИТХ-аа хуралдуулж уг асуудалд саналаа ирүүлсний дагуу аймгийн ИТХ-ын Зөвлөл
хуралдсан юм.
Зөвлөлийн хурлаас сумдаас ирүүлсэн саналуудыг дэмжиж, Ашигт
малтмал, газрын тосны газраас аймгийн Засаг даргад ирүүлсэн саналыг дэмжихгүй
байхаар шийдвэрлэлээ гэж аймгийн ИТХ-ын ажлын албанаас мэдээлэв.
Хайгуулын ажлын төлөвлөгөөг хүлээн авч хянахад:
Ашигт малтмалын тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.1.6,
48.1.2, 48.6.3; УУХҮ-ийн сайдын 2018-02-05-ны өдрийн А/20 дугаар тушаалаар
баталсан Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журам, Нийтийн
мэдээллийн ил тод байдлын тухай-8.5.1-д зааснаар хүлээн авч, 30 хоногийн дотор
шийдвэрлэдэг байна.
Харин Уул уурхайн эрдэс баялгийн хайгуулын тусгай
зөвшөөрлийн жагсаалтыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын бүтгэлийн системд бүртгэж
нийтэд ил тод мэдээллэдэг.
Энэхүү өгөгдлийн бүрдэлд Кадастрын бүртгэлийн системд
бүртгэлтэй хайгуулын тусгай зөвшөөрлийн дугаар, эзэмшигч, дуусгавар болох
огноо, талбайн хэмжээ болон координат зэргийг агуулсан.
Мөн МОҮИТБС-ийн
жил бүрийн нэгтгэлийн
тайлангийн хавсралтаар нийтэлсэн тусгай зөвшөөрлийн сонгон
шалгаруулалт, шинээр олгосон болон эрх шилжүүлсэн хайгуулын тусгай зөвшөөрлийг
багтаасан байдаг аж.