ЗАВХАН: Дурсгалын хадгалалт хамгаалалтад нутгийн иргэдийн хяналтыг сайжруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай/МОНЦАМЭ/. Тус аймаг орон нутгийн хамгаалалтад авсан түүх, соёлын 7887 ширхэг дурсгалыг бүртгэн баримтжуулаад байна.
Завхан аймгийн 24 сумын нутаг дэвсгэрт байрлах улсын болон орон нутгийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг өнгөрсөн жил тоолж баримтжуулсан. Түүх дурсгалыг хадгалж хамгаалах, түүнтэй холбоотой хууль, тогтоомжийг иргэд олон нийтэд сурталчлан таниулах.
Тухайн нутгийн иргэд, ялангуяа хүүхэд, залуучуудад орон нутгийнхаа хамгаалалтад байдаг түүх, соёлын дурсгалт газруудын үнэт түүхийг хадгалан хамгаалах, ач холбогдлыг нь ойлгуулах талаар цахимаар болон сургалтаар мэдээлэл зөвлөмжийг өгч байна. Өнөөдрийн байдлаар түүх соёлын дурсгалтай холбоотой сургалтыг 24 сумын 2300 гаруй иргэнд өгөөд байна. Аймгийн хамгаалалтад 676 дурсгалт газрын 7887 ширхэг дурсгал, үүнээс аймгийн хамгаалалтад 22, улсын хамгаалалтад 6 дурсгал байна.
“Түүх, соёлын үл хөдлөх дурсгал” гэж унаган газартаа хүрээлэн байгаа орчны хамт үнэ цэн, ач холбогдол нь илэрхийлэгдэх дангаар болон цогцолбор байдлаар орших дурсгалыг хэлнэ гэж Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заажээ.
Тиймээс дурсгалуудын хадгалалт, хамгаалалтын нөхцөл байдалд нэгдсэн үнэлгээ хийх, дурсгалын төрөл тус бүрийн эвдрэл, гэмтлийг тодорхойлох. Мөн дурсгалт газрын нэр, газар зүйн солбицол, төрөл зүйл зэрэг зарим алдаатай мэдээллийг засаж сайжруулах. Дурсгалын хадгалалт хамгаалалтад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, ялангуяа нутгийн иргэдийн хяналтыг сайжруулах ажлыг бид улирал бүр хийхийг зорьж байна гэж аймгийн Соёл урлагийн газраас мэдээлэв.