Харьцуулалт: Монголын шүүгчид боломжийн цалинтай

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2016-09-05 17:21:15

Шүүгчийн  хийж гүйцэтгэж байгаа ажил, хүлээж буй үүрэг, гаргаж буй шийдвэрийн нийгэмд үзүүлэх нөлөөллөөс хамааран улсаас авч буй түүний цалин хөлс нь харьцангуй өндөр байх ёстой гэсэн ойлголт дэлхийн олон улс оронд аль эрт хэвшин тогтжээ. Үүнээс шалтгаалан албан ёсоор тогтоосон шүүгчийн цалин нь бусад мэргэжлийн хүмүүсийнхээс хэд дахин өндөр байх нь хэвийн зүйл болсон байна.

1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулинд Шүүх, шүүгчийн бие даасан, хараат бус, шударга байдлыг тунхаглан, түүний эдийн засгийн баталгааг хангах нь төрийн үүрэг мөн гэж заасан байдаг.

Ер нь бол, шүүгчид хэдийг авдаг вэ гэсэн асуултад хариулахад нэлээд хэцүү. Шүүгчийн цалингийн хэмжээг зарлаад байх сонирхол төр засаг, шүүгч хоёрын аль алинд нь байдаггүй. Гэхдээ зарим улс орны Үндсэн хуулийн Цэцийн, захиргааны хэргийн болон арбитрын шүүхийн цахим хуудсуудад шүүгчдийн цалин хөлсний талаарх мэдээлэл нийтлэгдсэн байдаг. Үүнд үндэслээд шүүгчдийн цалин орлого, санхүүгийн байдлын талаар ерөнхий төсөөлөлтэй болно. Ингээд багагүй цаг гарздан цахим хуудсуудаар “тэнүүчилсний” эцэст Европын Холбооны гишүүн орнууд болон Оросын шүүгчдийн цалин хөлсний талаар төсөрхөн мэдээлэл олж авснаа толилуулъя.   

Европ тивийн орнуудын дотроос шүүгчиддээ хамгийн их цалин хөлс олгодог улс бол Швейцарь гэнэ. Эндхийн шүүгч нар татвараа суутгуулсны дараа гар дээрээ жилдээ 101 мянган евро авдаг ажээ. Үүнийг манай мөнгөнд шилжүүлэн тооцоход 220 сая төгрөг  болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, сард 18 сая гаруй төгрөгийн цалин авч байна гэсэн үг.

Энэ үзүүлэлтээр Европ тивдээ айргийн тавд ордог улсууд гэвэл, Андорра /70 мянган евро/, Норвеги /62 мянган евро/, Кипр /52 мянган евро/ болон Голландыг /43 мянган евро/ нэрлэж болно. Харин тивдээ хамгийн бага орлоготой хүмүүс бол Молдовийн шүүгчид ажээ. Тэдний жилийн цалин ердөө 2500 орчим евро /5,5 сая төгрөг/ гэнэ. Өөрөөр хэлбэл, сард дунджаар 3 сая төгрөгийн цалин хүртдэг Монголын шүүгчидтэй харьцуулахад 6,5 дахин бага цалин авдаг Молдовийн шүүгчдийг “амьжиргааны доод түвшнээс доогуур орлоготой эмзэг бүлгийнхэн” болж таарч байна.

Ерөнхийд нь Европын улс орнуудын шүүгчдийн цалин хөлсийг дундажлаад үзвэл 25 мянган евро болж байгаа бөгөөд энэ нь Монголын шүүгчийнхтэй харьцуулахад 35 орчим хувиар илүү үзүүлэлт юм. Үүнийг тодруулваас, Монголын анхан шат­ны шүүхийн шүүгч 2.7 сая, давж заалдах шатны шүүхийн шүүгч 2.9 сая, Улсын Дээд шүүхийн шүүгч 3.2 сая, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч 3.3 сая төгрөгийн цалин авдаг гэсэн мэдээлэл интернэтэд байна.

Хэдийгээр хуучирсан боловч зарим статистик үзүүлэлтүүдийг сонирхоё. 2006-2009 оны хугацаанд Европын шүүгчдийн цалингийн хэмжээ 11 хувиар нэмэгдсэн бол улс орны хэмжээн дэх дундаж цалин дөнгөж 0,8 хувиар өсчээ. Европын орнуудаас Румынд шүүгчдийн цалин 93 хувиар өссөн бол улсын хэмжээгээр дундаж цалин 60 хувиар өссөн байх юм. Харин авлигын эсрэг амжилттай тэмцэж байгаа гэдгээрээ анхаарал татдаг Гүржид шүүгчийн цалин 64 хувь, бусад салбарынхны цалин 13 хувиар өссөн байх жишээтэй. 

Бидэнтэй адил социализмаас зах зээлийн нийгэмд шилжсэн орнуудын шүүгчдийн цалин орлогыг сонирхвол, Польш, Чех, Унгар зэрэг оронд шүүгчид нь улс орны хэмжээн дэх дундаж цалингаас 5-6 дахин их мөнгө авч байна. Харин өндөр хөгжилтэй орнууд, тухайлбал Австрали улсад хяналтын шатны шүүгчийн цалин нь  төрийн хамгийн өндөр цалингийн шатлалаас 3.5 дахин, шинээр томилогдсон, нас залуу,  хамгийн бага цалинтай шүүгчийн цалингийн хэмжээ хамгийн өндөр цалингийн шатлалаас 2.5 дахин их байх жишээтэй. Шүүгчдийн цалин ингэж огцом нэмэгдэж байдгийн учрыг юун түрүүнд авлигыг бууруулахтай холбон тайлбарладаг байна.

Европын орнуудаас бидэнд хамгийн ойр буюу хөрш зэргэлдээх ОХУ-ын шүүгчдийн цалин хөлсийг сонирхоё. Оросын шүүгчдийн цалингийн хэмжээ нь улс орны хэмжээн дэх дундаж цалингийн жишгээс 2.6 дахин өндөр байдаг ажээ. Тодруулбал, бүх шатны шүүгчдийн цалинг дундажлаад үзвэл 52-91 мянган рубльд /1.5-2.6 сая төгрөг/ хэлбэлздэг байна. Жишээ нь, районы шүүгч 85-89 мянган рубль, мужийн шүүгч 97-100 мянган рубль /3 сая орчим төгрөг/ авдаг бол Дээд шүүхийн шүүгч 300 мянган рубль /9 орчим сая төгрөг/, Үндсэн хуулийн шүүхийн шүүгч 500 мянган рублийн /15 орчим сая төгрөг/ цалинтай гэсэн мэдээллийг pravo.ru цахим хуудсанд нийтэлсэн байна.

Шүүгчийн үндсэн цалин дээр нь ажлын үр дүнгээр нэмэгдэл хөлс олгохдоо ажлын ачаалал, ажилласан жил, ажлын туршлагаас гадна эрдмийн зэрэг цолтой эсэх, гадаад хэлний мэдлэгийн түвшин зэргийг нь харгалзан үздэг байна. Цалин хөлсний хэмжээнд тухайн орон нутгийн онцлог, байршил ч мөн адил нөлөөлнө.

Хуулиар бол, шүүгчид бизнесийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон байдаг. Харин их дээд сургуульд багшлах, эрдэм шинжилгээний хийх, ном зохиол бичих зэрэг ажил эрхлэхийг зөвшөөрдөг учраас амьдрал ахуйдаа нэмэр болгохуйц орлогын бусад эх үүсвэрүүд бий.

Дээрх байдлаар харьцуулан дүгнэхэд, улс орны эдийн засгийн боломж, төсвийн орлогын хэмжээ зэрэгтэй харьцуулахад, манай Монголын анхан шатны болон давж заалдах шатны шүүгчид боломжийн цалин авдаг нь харагдаж байна.

Харьцуулалт 2: Шүүхийн алдааг хэдээр “үнэлдэг” вэ?

Шүүх нь хэрэг маргааныг хуулийн дагуу алдаа мадаггүй шийдвэрлэж, үйл ажиллагаагаа чирэгдэлгүй явуулдаг байх ёстой.

Гэтэл амьдрал өөрөө олон өнгөтэй байдаг болохоор гарч буй хэрэг маргаанууд янз бүр, тэдгээрийг зохицуулдаг хууль нь боловсронгуй бус, маргааныг тасалж буй шийдвэр нь ч мөн төгс төгөлдөр бус байх нь олонтоо. Үүнээс шалтгаалан Ромын эрх зүйгээс улбаатай “шүүхийн алдаа” гэсэн ойлголт бий болжээ.

Шүүхийн гаргасан алдааг илрүүлэн залруулж, хилсээр шийтгэгдсэн иргэдийн хохирлыг барагдуулах зорилгоор төрөөс асар их хэмжээний нөхөн төлбөр олгож байсан жишээ олон улсад хангалттай олон байдаг бөгөөд тэдгээрээс заримыг нь дурдъя.  

Энэ оны 3 дугаар сарын 20-ны өдөр АНУ-д болсон шүүхээс гадуурх мэтгэлцээний явцад шоронд хоригдож байсан Хуан Ривера гэгч этгээдэд 20 сая ам.долларын нөхөн төлбөр олгох шийдвэр гаргажээ. Энэ өдрийг хүртэлх хугацаанд энэ хүн хүчингийн болон хүн амины хэрэг үйлдсэн хэргээр 20 жилийг гянданд өнгөрүүлээд байлаа. Тэрбээр уг хоёр хэргийг үйлдээгүй гэдэг нь ДНК-ийн шинжилгээгээр тогтоогджээ.

Үүнийг дурдахын учир нь, 20 сая доллар гэдэг бол хилс хэргээр шүүхээр шийтгэгдсэн хүмүүст олгож байсан нөхөн төлбөрүүдээс хамгийн их нь болоод байна.   

Ер нь бол, гэм зэмгүй хүмүүсийг шийтгэсэн тохиолдол практик амьдрал дээр тийм ч цөөхөн бус. The Innocence Project хэмээх байгууллагаас гаргасан статистик мэдээлэлд дурдсанаар бол, АНУ-ын шоронгуудад хоригдож буй ялтнуудын 2,3-5 хувь нь хилсээр шийтгүүлсэн хүмүүс байх магадлалтай бөгөөд шүүхийн алдаанаас болж хохирсон хоригдлуудын тоо жил бүр 10 мянгад хүрдэг байна. Эдгээр хүмүүс голдуу хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байдаг учраас шүүгч нар хэргийг дутуу хянадаг, уншсан болоод тэгсхийгээд хаядаг аж.

Үүний сацуу, цаазаар авах ялаар шийтгүүлсэн гэм зэмгүй хүмүүсийн тоо нь ийм ял сонсоод АНУ-ын шоронгуудад хоригдож буй ялтнуудын 4,1 хувийг эзэлдэг гэсэн тоог Death Penalty Worldwide байгууллагын нийтэлсэн материалд дурджээ. 1973 оноос хойших хугацаанд нийтдээ 340 хүн бусдын гэм бурууг үүрэн цаазаар авахуулсан гэх аймшигтай тоо ч бий.

Ер нь бол, нөхөн төлбөрийн хэмжээний асуудал нэлээд маргаан дагуулдаг. The Innocence Project байгууллагын шинжээчдийн дүгнэлтээр бол, шүүхийн алдаанаас болж хилсээр шоронд суусан жил бүрээр дор хаяж 50 мянган долларын нөхөн төлбөр олгох ёстой аж. Түүнээс гадна, шоронгоос суллагдсан тухайн хүнд эрүүл мэндийн даатгал, тухайлбал, шүдний эмч болон сэтгэл зүйчийн тусламж авах, боловсрол олж авахад нь зориулж нийгмийн халамжийн бүхэл бүтэн багц тусламжийг үзүүлэх нь зүйтэй гэж дээрх байгууллага үзэж байна.

Хилсээр шийтгэгдээд нөхөн төлбөр авсан жишээнүүд

БНХАУ-д Сю гэгч иргэн хилс хэргээр шоронд 16 жил суусныхаа дараа цагаатгагдаж, Өмнөд Хятадын Гуандун мужийн Ардын шүүхээс түүнд шүүхийн алдааны нөхөн төлбөр болгож 1,57 сая юань /256 мянган доллар/ олгох шийдвэр гаргаж байжээ. 1998 онд тэрбээр 19 настай эмэгтэйг хүчиндэн, амь насыг нь хөнөөсөн хэрэгт холбогдон, цаазын ял сонссон байна. Хожим нь уг ялыг бүх насаар нь хорих ялаар сольжээ. Ингээд бараг 10 жилийн дараа буюу 2007 онд хэргийг дахин мөрдөн байцаалтад шилжүүлсний дараа нотлох баримт олдоогүй тул 2014 онд хэргийг хаасан байна.

Франц улсад хүнийг хилс хэргээр хэлмэгдүүлсний учир олгосон хамгийн их нөхөн төлбөр олгосон тохиолдол бол фермийн аж ахуй эрхэлдэг Лоика Сеше гэдэг хүнийг хилсээр шийтгүүлсний хохирлыг 797 мянган евро төлж барагдуулсан явдал юм. Хүчингийн хэргээр 7 жил шоронд суусан Сеше-гийн гэр бүлийнхэнд ч мөн адил нөхөн төлбөр олгожээ.

Өөр нэгэн жишээ. Тус улсын иргэн Марк Машен 2001 онд залуу бүсгүйн амийг хөнөөсөн гэх хэргээр шоронд 2000 гаруй хоног суужээ. Гэтэл 2008 онд жинхэнэ алуурчин өөрөө цагдаагийн газарт очиж хэргээ хүлээсэн байна. Харин 2012 онд болсон гуравдахь удаагийн шүүх хурлаас 663 мянган еврогийн нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн байна. Түүнээс гадна, Машений эцэгт нь 38 мянган евро, ах, эгч хоёрт нь тус бүр 20 мянган евро өгчээ.

Их Британи улсад 1998 онд хилсээр шийтгүүлсэн хүнд 700 мянган фунт стерлинг /1,14 сая доллар/ өгсөн нь хамгийн их нөхөн төлбөрт тооцогддог. 1952 онд нэгэн эмэгтэйн амийг хөнөөсөн гэх хилс хэрэгт холбогдон цаазаар авахуулсан Махмуд Маттан гэгч цагаач эрийн төрөл төрөгсөд дээрх мөнгийг авсан байна. 

ОХУ-д сэтгүүлч Д.Холодовын амийг хөнөөсөн хэрэг гарч, десантын цэрэгт алба хашиж байсан Павел Поповских гэгчийг эл хэрэгт холбогдуулан шүүж байсныг уншигчид санаж байгаа болов уу. Түүнийг шүүхээс хоёр ч удаа цагаатгасны дараа тэрбээр сэтгэл санааны хохирол учруулсны нөхөн төлбөр болгож 52 сая рубль олгохыг шаардсан байна. Энэ нь хоригдсон сар бүрт 1 сая рубль гэж тооцсон хэрэг. Гэвч шүүхээс дээрх тоог 150 мянган рубль болгож бууруулсан байна. Үүний дараа П.Поповских дахин нэхэмжлэл гарган заргалдсаар байгаад 2,8 сая рубль “улсаас салгаж” чаджээ.

Б.Адъяахүү

 

Холбоотой мэдээ