Монголын Майк: Миний зорилго бол ойрын хугацаанд NBA-д тоглох
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Ш.Энхийн-Од мэргэжлийн агенттай гэрээ байгуулж, NBA-ийн драфтад нэрээ өгсөн нь сагсан бөмбөгийн ертөнцөд сенсаац дэгдээгээд байна. Монгол хүн драфтад нэрээ албан ёсоор өгч байгаа нь бахархам, түүхэн үйлдэл явдал яах аргагүй мөн. Ийм шийдвэр хэзээ нэг өдөр гаргах байсан гэдгийг бид мэдэж байсан ч эрт үү, орой юу гэдэг дээр маргаан өрнөлөө. Ингэх ч ёстой. Спортод гарч байгаа шийдвэр болгон магтаал шүүмжлэл эргэцүүллийг зэрэг дагуулж явдаг.
Одоо Монголын Майк-д
6 дугаар сар хүртэл драфтад нэрээ өгсөн залуусын адилаар бэлтгэлээ хийж, 100 хувь сагсан бөмбөгтөө анхаарах боломж бүрдэж байна. Энэ
бол эхлэл. Хамгийн чухал нь драфтад нэрээ өгч байгаа залуучуудын бэлтгэлийг
NBA-ийн скаутууд, G лигийн скаутууд ирж үзнэ, огт байгаагүйгээрээ анхаарлын төвд
орох боломж эндээс олдоно. Жинхэнээсээ дээд түвшнийхэн анхаарал хандуулж, юун
Ази хүүхэд гараад ирэв гэж тоглолтыг нь харах боломж анх удаа үүснэ.
Майк ч, Жордан ч
тэр ганц л удаа NBA-ийн драфтад нэрээ өгөх эрхтэй. Хэрэв сонгогдож чадахгүй бол
түүний боломж үүгээр дуусна. Гэхдээ сонгогдож чадахгүй гэдгээ мэдвэл 6 дугаар
сараас өмнө нэрээ татаж аваад, дараа жилийг хүлээж болно. Тэр болтол Майк болон
агент нь бүх чадлаараа хичээх л үлдлээ. Нэрээ татвал түүний дараагийн боломж
хөгжлийн лиг байх болно. NBA-ийн G лиг буюу хөгжлийн лигт IGNITE гэж баг бий.
NBA-д орох магадлал өндөртэй тоглогчдоос сонгож нэг улирал бэлдээд, дараа жил
нь драфтад оруулдаг. Гэвч IGNITE-д орохыг хүссэн мянган мянган залуусын нэг нь
л Майк. Бусадтай адил л магадлал боломж бага. Тэгэхээр G лигийн бусад багт
орж байж, NBA рүү зүтгэх бас нэг боломж байх болно.
Майк шиг
тоглогчид том агенттай гэрээ хийх боломж байдаггүй. Томчууд хэдийнээ NBA-д орох
нь бат болчихсон залуусын араас л явна. Хэн хэндээ хэрэгтэй. Харин Майкд том
агентын шаардлага байхгүй. Яагаад гэвэл, халаасандаа 20 тоглогчийн нэр авч яваа
агент жагсаалтынхаа дээрээс танилцуулна уу гэхээс доороос нь эхлэхгүй нь лав.
Тэгэхээр Майкт яг тохирсон өөрийнх нь төлөө тултал гүйх, танил тал холбоо
сүлбээ сайтай агент хэрэгтэй байсан. NBA, NCAA, FIBA-д тоглогч төлөөлөх эрх
бүхий хуульч мэргэжилтэй Скотт Никольсын байгуулсан "Rize Management" компанийг
тэд сонгожээ. Драфтын тооцоонд байгаагүй нөхрийг 2-р тойргоор сонгуулж чадсан,
драфтад сонгогдож чадаагүй Ламар Стивенсийг Кавальерстай дөрвөн жилийн гэрээ
хийлгэсэн гээд манай хүнд яг тохирсон агент болов уу гэж дүгнэж байна.
Энэ бүх сенсаацтай холбоотойгоор Ш.Энхийн-Од буюу Майк өчигдөр ингэж хэлжээ. Түүний хөгжөөн дэмжигч болон Монголын ард түмэнд зориулж хэлсэн үгийг хүргэж байна. Тэрбээр “Сагсан бөмбөгт Дайтоноос тоглосон нь их хүндэтгэл, нэр төрийн хэрэг байлаа. Дасгалжуулагч Грант танд болон сургалтын ажилтнууд та бүхэндээ бэлтгэл сургуулилтад удирдан чиглүүлж, дэмжлэг үзүүлсэнд нь маш их баярлалаа. Та бүхэн намайг өөрийн хүн шиг тэврэн хүлээж авсан билээ. Багийн хамт олондоо маш их хайртай шүү, хамтдаа бий болгосон дурсамжуудыг би хэзээ ч мартахгүй. Хөгжөөн дэмжигч, багш нар, ажилтнууд, надад хайраа өгч байсан хүн болгонд баярлалаа. Монголын ард түмэн Та бүхэндээ намайг хайрлаж, дэмжиж байгаад талархал илэрхийлье. Та бүхний бахархал болсон гэдэгтээ би найдаж байгаа бөгөөд Монгол Улсынхаа нэр төрийг үргэлж өндөрт авч явах болно. Хамгийн чухал нь миний хайртай гэр бүлийн болон ахын минь хувиршгүй хайргүйгээр би энд өнөөдөр байхгүй байсан. Миний төлөө хийсэн бүхний чинь төлөө, хийж байгаа, цаашид ч хийх бүхэнд тань баярлалаа. Миний гэр бүлийнхэн хамтдаа хэлэлцсэний дараа “NBA 2023 DRATF”-д нэр дэвших энэхүү шийдвэрийг гаргаж байна. Би үргэлжлүүлэн бүх сонголтыг эргэцүүлж үзэх болно. Гэхдээ миний зорилго бол ойрын хугацаанд NBA-д тоглох. Би дараагийн үйл явдлыг тэсэн ядан хүлээж байна” гэжээ.