Филиппинд мансууруулах бодистой холбоотой 1000 гаруй этгээдийг устгажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММАНИЛА. /PrensaLatina/. Родриго Дутерте хоёр сарын өмнө ерөнхийлөгч болсноос хойш эхэлсэн мансууруулах бодистой тэмцэх дайны явцад Филиппиний цагдаа нар 1019 хүнийг устгаад байна.
Мансууруулах бодистой холбоотой гэмт хэргүүдийг мөрдөн шалгах явцад сэжигтнүүдийг устгасан цагдаа нарыг буруутгахгүй гэдгээ Ерөнхийлөгч Дутерте мэдэгдэж байсан юм.
"Зургаан сарын хугацаанд улс оронд мансууруулах бодисыг үндсээр нь устгаж, түүнийг наймаалагчидтай хатуу тэмцэх болно" гэж тэрбээр амалж байсан билээ.
Цагдаа нарын мэдэгдсэнээр, мансууруулах бодистой холбоотой хэргээр ойролцоогоор 15 мянган хүнийг баривчилж, 700 мянга орчим хүн хэргээ хүлээн өөрсдөө цагдаагийн газарт очжээ.
Мөн мансууруулах бодис наймаалагчидтай холбоотой байж магадгүй шүүгчид болон хууль тогтоогчдын нэрсийг нийтэд зарласан байна.
Харин НҮБ болон хүний эрхийн төлөө тэмцэгч байгууллагууд Филлиппини засгийн газрыг шүүмжилж, тус улсын мансууруулах бодистой хийж буй дайныг “шүүхийн шийдвэргүйгээр төр нь ард иргэдээ хөнөөж байгаа хэрэг” гэж үзэж байна.
Цагдаагийн газар мэдэгдэхдээ “цагдаа нар сэжигтнүүдийг аргагүй хамгаалалт хийн устгасан” гэв. Гэвч нүдээр харсан гэрчүүдийн хэлснээр, цагдаа нарын зарим нь ямар ч зэвсэггүй хүмүүсийг буудан хөнөөж байжээ.
Г.Доржханд