ЗАВХАН: Хөдөлмөр эрхлэлтийн цахим системд 33 ажлын байр зарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-03-28 16:40:00

Улиастай/МОНЦАМЭ/. Хөдөлмөр эрхлэлтийн цахим системд тус аймгийн 265 иргэн бүртгүүлжээ.

Бүртгүүлсэн иргэдийн 121 нь эрэгтэй, 144 нь эмэгтэй. Бүртгүүлсэн иргэдийн 139 нь бүрэн дунд, 28 нь техникийн болон мэргэжлийн, 40 нь дээд боловсролтой, 7 нь боловсролгүй, 14 иргэн нь бага боловсролтой байна. Харин насны ангиллаар авч үзвэл, 35-44 насны 96, 45-54 насны 57, 15-24 насны 20, 25-34 насны 78, 60-аас дээш настай таван хүн бүртгэлтэй байна. Хөгжлийн бэрхшээлтэй 8 хүн бүртгэлтэй байна. Цахим системд 22 ажил олгогч ажлын байрыг зарлаж, байнгын ажлын байранд 10 иргэн ажилд зуучлуулан оржээ.


Ажил хайх, ажил санал болгох үйл ажиллагааг уламжлалт арга барил буюу хувь хүний мэргэжил, боловсролд илүү тулгуурлан зуучилдаг байсан.

Тэгвэл энэхүү системийн “Job matching” алгоритмын тусламжтайгаар ажил хайгчийн ажлын туршлага, ур чадвар, чадамж, байршлыг харгалзан хүний оролцоогүйгээр системээс автоматаар ажил санал болгох. Ажил хайгч, ажлын байрны нийцлийг тодорхойлох боломжийг олгож байгаагаараа онцлогтой.

Энэхүү системийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан бүртгэл, мэдээлэл, технологийн тохиргоотой хөгжүүлсэн. Тиймээс “хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг бүрэн хангаж байгаа зэрэг олон шинэлэг, давуу талууд бий.

Завхан аймгийн тухайд, хөдөлмөр эрхлэлтийн цахим системийн хажуугаар аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний төвөөр дамжуулан иргэдийг бүртгэж цахим системд оруулж буй юм.

Хөдөлмөр эрхлэлтийн цахим систем нь бүртгэлтэй сул ажлын байр болон ажил хайгчийн мэдээллийг автоматаар үнэлнэ. Ажил хайгчид тохирох ажлын байрыг, ажил олгогчид тохирох ажил хайгчийг санал болгох ухаалаг функцтэй болохоор иргэд өөрийн мэдээллийг цахимд бүртгүүлснээр байнгын болон түр ажлын байрыг хайж гадуур явахгүй давуу талтай гэж аймгийн ХХҮГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ