ЗАВХАН: Арц суурийн боомтоор зорчигчдын 60 хувь нь гадаадын иргэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-03-28 16:51:22

Улиастай/МОНЦАМЭ/. Тус аймгийн Арц суурь дахь хилийн боомтоор өнөөдрийн байдлаар нийт 1300 гаруй хүн зорчжээ.

Нийт зорчигчдын 60 хувь нь гадаад, 40 хувь нь монгол хүн зорчжээ. Харин 329 автомашин боомтоор зорчиж 40 гаруй тонн ачаа тээвэрлэсэн байна. Хоёр талын зэрэглэлтэй, байнгын ажиллагаатай авто боомтоор ОХУ-аас ихэвчлэн хүнсний болон ахуйн бараа материал орж ирдэг. Харин Монголоос мах, малын гаралтай түүхий эдийг экспортолдог гэж Арц суурийн хилийн боомтоос мэдээлэв.   


Боомтын сэргэлтийн хүрээнд, Завхан төдийгүй баруун аймгууд ОХУ-тай хамгийн дөт замаар худалдаа эрхлэх боломжтой. Энэ нь Арц суурийн боомт юм. Тус боомт нь ачаа, тээврийн урсгал бүхий нэг замтай, жилд 200 орчим сая ам.долларын ачаа барааны эргэлттэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.


Боомтуудын өрсөлдөх чадвар, нэвтрэх урсгалыг сайжруулж, боомт түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах зорилтын хүрээнд тус аймагт Арц суурь-Шивээ хүрэн чиглэлийн 1255 км төмөр замын бүтээн байгуулалтын төсөл хэрэгжих юм.

Ингэснээр боомтын зэрэглэл нэмэгдэн, ачаа тээврийн нэвтрэх урсгал эрс сайжирна. Гадаад харилцаа, аялал жуулчлал, хилийн худалдаа нэмэгдэж иргэдийн амьжиргаа болон аймгийн эдийн засагт томоохон ахиц гарах юм. Мөн Нөмрөг-Улаангом чиглэлийн “А18” дугаартай автозамаас Арц суурь хилийн боомт хүртэлх 159.5 км хатуу хучилттай автозамын ТЭЗҮ болон зураг төсөл нь улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж, байна гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ