Хорин байршилд явган болон дугуйн замыг засаж сайжруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-03-28 15:16:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Их тойруу, Бага тойруу зэрэг 20 байршилд явган болон дугуйн зам талбайг засаж сайжруулна.


Тухайлбал, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх авто зогсоолыг буулган нэгдүгээр эгнээг нь чөлөөлнө. Ингэснээр явган замаа өргөтгөж, ногоон байгууламжаа нэмэх боломжтой. Мөн 3, 4 дүгээр хорооллын И-мартаас “Өргөө” кинотеатр хүртэлх явган замыг шинэчилж, алхахад саад болж буй зогсоолуудыг зөв геометрт оруулахаар төлөвлөснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.


Нийслэлийн Замын хөгжлийн газрын Хөдөлгөөн зохицуулалт, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Одбаяр ярихдаа, “Их тойруугийн бүсэд нягтаршил, явган зорчилтын эрэлт их байгаа судалгаа гарсан. Нэн түрүүнд Бага тойруугийн бүс, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 15, 18 дугаар хороонд явган зорчилтыг нэмэх үүднээс замыг нь өргөсгөж эхэлсэн. Мөн зам дагуух, шаардлагагүй авто зогсоолыг явган, дугуйн зам болгон шинэчлэхээр 20 байршлын 80 мянга гаруй ам метр талбайг засаж, сайжруулна. Одоогоор 13 байршилд 17353 ам метр явган, дугуйн замыг шинэчлэн сайжрууллаа. Ингэхдээ явган хүний замыг 2.5-3 м, өргөн хэсэгтээ 5-7 м хүртэл өргөсгөн тохижуулсан” гэжээ.

Холбоотой мэдээ