М.Есөнмөнх: "Тамгагүй төр" жүжгээ Английн "WEST END"-ийн театрын тайзнаа тавина

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-03-27 22:25:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Мөнгөн мод-2022” наадмын “Шилдэг продюсер”-ээр М.Есөнмөнх тодорсон юм. Тэрбээр 2022 онд “Тамгагүй төр” үндэсний драмын жүжгийн ерөнхий продюсерээр ажиллажээ.


Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан, Түүхийн ухааны магистр, багш, продюсер тэрбээр аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт 25 жил ажиллаж байна. Монголын кино урлаг, соёлын наадам, фестиваль, концерт, шоу тоглолт, олон улсын сэдэвчилсэн эвент гэхчлэн үндэсний болон олон улсын томоохон 60 гаруй үйл ажиллагаа, уран бүтээлд ерөнхий менежер, ерөнхий продюсерээр ажилласан байна.


Энэхүү наадмын шагнал гардуулах үеэр түүнээс дараах мэдээллийг тодрууллаа.

-Танд Монголын хамгийн олон үзэгчтэй “Тамгагүй төр” жүжгээр “Мөнгөн мод-2022” наадмын Шилдэг продюсерийн шагнал хүртсэнд баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцана уу?

-Урлаг соёлын тайзнаа анх удаа шагнал гардсандаа сэтгэл догдолж байна. Урлагийн салбарынхантай ойр дотно ажиллахад Монгол Улсынхаа хөгжлийн төлөө, монголчуудын оюун санааг шинэ түвшинд гаргахад асар их хөдөлмөрлөж байгаа нь харагддаг. Уран бүтээлчдийн бүтээлүүд жилээс жилд улам чанаржиж байна. “Тамгагүй төр” жүжгийг дахин шинээр тавьж, өөр техник, өнцгөөр бүтээсэн. Энэ нь шилдэг бүтээл болоход нөлөөлсөн гэж үзэж болно. Энэхүү бүтээлийг өнгөрсөн жил 117 удаа тоглож, 67 мянга гаруй үзэгч үзсэн. 2023 онд гадаадын тайзнаа тавихаар гэрээ хийсэн бөгөөд Английн "WEST END"-ийн театрт энэ оны 11 дүгээр сарын 13-наас нийт 20 удаа тоглох юм.  


-Жүжгийг англи хэлээр тоглохоор бэлтгэж байгаа гэж сонссон. Бэлтгэл ажил ямархуу шатандаа явж байгаа вэ?

-Бид бэлтгэл ажлаа таван үе шатад хуваасан. Үндсэндээ хоёр үе шат дуусаж, гурав дахь шатны бэлтгэлээ эхлээд байна. Жүжгийн гэрэл, хөгжим, тайзны тохиргооны ажилдаа орсон. Бид аль болох англи хэлээр тоглохыг зорьж бэлтгэлээ хийж байгаа.


-Монголчууд сүүлийн жилүүдэд тайзны бүтээлийг шимтэн үздэг болсон. Манай улсын хувьд тайзны урлагийн хөгжил ямар түвшинд яваа бол?

-Миний хувьд драмын жүжгийг сайн ойшоодоггүй байсан. Сүүлийн 2-3 жилд УДЭТ-т шинээр тавьж буй жүжгүүдийг үзээд  Монголын урлаг соёлын салбар нэлээн өндөр түвшинд хүрч байгааг харж байна. Миний ажилласан төсөл драмын урлагийн төрлийг нэлээн өндөр түвшинд хүргэсэн байх гэж найдаж байна. 


Холбоотой мэдээ